Иргэд Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиас их зүйл хүлээж байгаа. Учир нь монголчууд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хэрнээ түүнд тохирсон тусламж, үйлчилгээний зардлаа даатгалаас гаргуулж чаддаггүй, үргэлж халаасаа тэмтэрдэг байв.
Гэр бүлийн аль нэг гишүүнд нь аминд халтай өвчин тусвал тэр айл санхүүгийн дарамтад орж, цөөнгүй хэсэг нь “модоо барьдаг”. Харин энэ сарын 1-нээс даатгуулагч төвтэй Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Уг хуулийн зарим заалт өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн боловч иргэд үр шимийг нь төдийлөн хүртээгүй л байна.
Харин албаны хүмүүсийн ярьж буйгаар өнгөрсөн хугацаанд Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ-д хийж буй өндөр өртөгтэй зарим мэс заслын зардлын тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж буй аж.
Тухайлбал, өвдөг, түнхний хиймэл үе, зүрхний нарийссан судсыг тэлж, стент тавих эмчилгээ зэрэг 84 төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн ихэнх зардлыг санхүүжүүлж байгаа юм байна.
Бид эрүүл мэндийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй. Гэхдээ эрүүл нь өвчтэйгөө, залуу нь ахмад настнаа, орлоготой нь орлогогүйнхээ эрүүл мэндийн эрсдэлийг хуваалцдаг шударга бус тогтолцоог шүүмжлэх эрх ч бий. Эрх баригчид үүнийг эв санааны зарчим гэж тайлбарладаг юм билээ. Өнгөрсөн хугацаанд монголчууд нэгэндээ хангалттай уян хатан хандаагүй гэж үү.
Энэ сарын 13-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн жилд авах тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг хоёр (өмнө нь 1.8 сая төгрөг байв) сая төгрөг болгосон. Энэ нь даатгалын байгууллагатай гэрээтэй (улсын хэмжээнд 1100 гаруй) улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангаар үйлчлүүлсэн иргэнд олгох зардлын хэмжээ юм.
Хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн үйлчилгээ, оношилгоо, шинжилгээ, өдрийн эмчилгээ, уламжлалт, нөхөн сэргээх, хөнгөвчлөх үйлчилгээ, хорт хавдартай өвчтөнд хийх хими болон туяаны өдрийн эмчилгээ, жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэг, жороор олгох 134 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй үнээр авсан өвчтөнүүд эмчилгээндээ зарцуулсан мөнгөнийхөө хоёр сая хүртэлх төгрөгийг төрөөс буцааж авна.
Гэхдээ бид энэ долоон оронтой тоотой мөнгөний дайтай тусламж, үйлчилгээг жил бүр авдаг байлуу, өмнө нь. Иргэн бүр жилд хоёр сая төгрөгөөр оношилгоо, шинжилгээ тогтмол хийлгээд, өвчтэй бол тэр дор нь эмчлүүлээд явбал сайн сан. Эсрэгээрээ ард түмнээ хошгоруулчих вий.
Тухайн иргэн сүүлийн гурван жил эмнэлгийн тусламж аваагүй бол нэг удаа үзлэг, оношилгоонд хамрагдах эрх Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар эцэс болж буй юм байна.
Ц.ГАНЦЭЦЭГ: ИРГЭД 134 НЭР ТӨРЛИЙН ЭМИЙГ 30-80 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВНА
НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Ганцэцэгээс зарим зүйл тодрууллаа.
-Өмнө нь долоон төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлдэг байсныг 11 болгон нэмэгдүүлсэн.
Ямар эмчилгээг даатгалаас санхүүжүүлэх нь ч тодорхой болжээ. Харин хорт хавдар болон өндөр өртөгтэй мэс засалд даатгалаас хэчнээн төгрөг гаргах юм бол?
-Уг нь хорт хавдрыг ДОХ, сүрьеэтэй адил үнэгүй эмчилдэг ч хөнгөвчлөх болон туяаны өдрийн эмчилгээний зардлыг иргэд халааснаасаа гаргасан хэвээр байна. Тиймээс хавдрын бүхий л эмчилгээг даатгалаас санхүүжүүлэхээр болсон.
Энэ нь шинэ үйлчилгээ тул өртгийг нь хараахан тодорхой болгоогүй байгаа. Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл, ХСҮТ зэрэг байгууллагын гадаад, дотоодын зөвлөхүүд хамтраад өртөг тооцох аргачлал боловсруулж байна.
Зардал нь харилцан адилгүй учраас өртөг тооцох тийм амар биш. Жороор, хөнгөлөлттэй олгодог эмийн төрөл шинэ хуулиар нэмэгдсэн. Ингэснээр 21 бүлэг, 134 нэр төрлийн эмийг иргэд 30-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авах юм.
-Даатгуулагч жилд хоёр сая төгрөгийн тусламж, үйлчилгээний зардал даатгалын сангаас гаргуулахаар болчихлоо. Энэ мөнгөний дайтай эмчилгээ, үйлчилгээ авдаг хүн тун цөөн.
Тэгэхээр одоогийн шинэ хуулиар иргэн бүр сайн дураараа оношилгоо, шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлэх боломжтой юу?
-Дорж Улсын III төв эмнэлэгт хэвтэн эмчлүүллээ. Эмнэлгээс гарсны дараа өдрөөр бас эмчилгээ хийлгэлээ гэж бодъё. Эмнэлэгт хэвтэхийнхээ өмнө амбулаторийн тусламж авч, шинжилгээ хийлгэсэн гэх зэргээр тухайн иргэний эмчилгээ, үйлчилгээний өртгийг тооцох юм.
Энэ бүгд нийлээд хоёр сая төгрөгөөс хэтрэхгүй байх ёстой. Гэтэл зүрхний стент тавиулах хүн эмчилгээндээ улсаас 5.4 сая төгрөг гаргуулна. Үүнээс нь хоёр сая төгрөг хасаж тооцох уу гэдэг асуудал гарч ирсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаад өртөг өндөртэй тусламж, үйлчилгээнээс бусад эмчилгээний зардлын дээд хязгаарыг хоёр сая төгрөг болгосон юм.
Тэгэхээр Дорж тухайн жилд хоёр сая төгрөгийн оношилгоо, шинжилгээ хийлгэчихээд гэнэт үе солиулах шаардлага гарвал даатгалаас мөнгийг нь гаргаж өгөхөөр хуульчилсан. Нэг хүн жилд долоон сая төгрөг даатгалаас гаргуулах эрхтэй гэсэн үг.
“Тухайн иргэнийг эрүүл мэндийн эрсдэлд орох үед нь” гэж хуульд тусгасан шүү дээ. Тэгэхээр өвдсөн тохиолдолд л төлбөрийг нь даатгалын сангаас гаргах юм. Сүүлийн гурван жил эмнэлгийн тусламж аваагүй бол нэг удаа үзлэг, оношилгоонд бүрэн хамруулах урамшуулал зогссон.
Тиймээс бид даатгуулагчдаа нийтээр нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах тов гаргаад байна. Өвдсөнийх нь дараа биш өмнө нь хамгаалъя.
Нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлээс нь хамаараад 30-аас дээш насныхныг хөх, умайн хүзүүний хорт хавдар эрт илрүүлэх, өсвөр насныхны бэлгийн замын халдварт өвчнийг оношлох, эмчлэх гэх зэргээр хүн амын эрсдэлтэй, өвчлөмтгий бүлгийнхнийг эхэлж хамруулах юм. Харин иргэд товлосон хугацаанд ирж үзлэг, шинжилгээндээ хамрагдаарай.
-Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардалд даатгалаас хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ?
-Энэ онд Эрүүл мэндийн даатгалын сан 307 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Үүнээс 267.5 тэрбумыг нь шинэ хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төсөвлөсөн. Өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хиймэл үе, хэрэгсэлд нийт 20.3 тэрбум төгрөг даатгалын сангаас гаргана.
17 тэрбум нь өндөр өртөгтэй, гурван тэрбум төгрөгийг протез, ортопедын зардалд тусгасан. Өнгөрсөн жилийг бодвол даатгалын сангийн зарлага нэлээд нэмэгдсэн.
Тухайлбал, зүрхний стент тавиулах хагалгааны 800 мянган төгрөгийг л даатгалаас гаргадаг байсан бол өдгөө уг мэс засалд шаардлагатай бүхий л эм, хэрэгслийг санхүүжүүлж байна. Тодруулбал, өвдөгний үе солиулахад 4.8, түнхний хиймэл үе хийлгэхэд 5.2, зүрхний стент тавиулахад 5.4 сая төгрөг даатгалаас гаргах юм.
О.БАТ-УНДРАХ