Хувьцааг нь олон нийтэд арилжих хэлбэрээр өмчөө хувьчлах замыг төр сонгоод байна. “Монгол шуудан” компанийн хувьцааны 34 хувийг олон нийтэд худалдсан нь Засгийн газрын хийсэн анхны IPO байв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хонх цохиж, арилжааг нь нээсэн ч энэ ёслолд “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, ТУЗ-ийн дарга О.Сэр-Од нар ирээгүйд хөрөнгө оруулагчид эгдүүцэж байлаа.
Үүнээс хэд хоногийн өмнө “МИК холдинг” компани олон нийтэд хувьцаагаа арилжсан. Гүйцэтгэх захирал Д.Гантөгс нь хувьцааныхаа танилцуулгыг олон нийтэд хийж, тэргүүлэн оролцож байсантай харьцуулахад төр, хувийн хэвшлийн хооронд тэнгэр, газар шиг ялгаа харагдав.
“Монгол шуудан” компанийн засаглалыг хэрхэн бүрдүүлэх нь хойшид хөрөнгийн биржээр дамжин хувьчлагдах төрийн өмчит компаниудад жишиг болно гэж үзэж хүн олон бий.
Тус компанийн хувьцааны 17 хувийг худалдан авсан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл энэ талаар “Компанийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн гэрээг хуулийн дагуу шинэчлэн боловсруулж, хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлуулна. Гэрээ, дүрэмд засаглалын асуудлыг маш тодорхой тусгана.
Бид хүчтэй ТУЗ-тэй, мэргэжлийн чадварлаг багтай байхын төлөө ажиллана. Хувь нийлүүлэгчдийн төлөөллөөс гадна сонгодог, сайн засаглалын жишгийн дагуу хараат бус гишүүдийг ТУЗ-д урьж оруулах байр суурь баримтална.
Менежментийн багийн хувьд одоо ажиллаж байгаа мэргэжлийн багийг үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв гэж бодож байна” гэж ярилаа.
Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлыг төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу томилдог. Тэгэхээр хөрөнгө оруулагчид менежментийн багийг томилох эрх эдлэхгүй гэсэн үг.
Ж.Оюунгэрэл “Хөрөнгө оруулагчдын саналыг төр заавал харгалзан үзэх ёстой. “Монгол шуудан” компанийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлж, үр ашгийг нь нэмэгдүүлэх замаар хувьцааны үнийг өсгөх зорилготойгоор хөрөнгө оруулсан. Иймд тогтвортой, сайн ажиллах мэргэжлийн баг бидэнд хэрэгтэй. Бид саяхан Ерөнхий сайдтай уулзах үедээ компанийн үйл ажиллагааг улстөржүүлэхгүй байхыг хүссэн. Халаа сэлгээ хийхгүй байх гэж итгэж байна” гэв.
Хэрхэн жишиг болох засаглал бүрдүүлэх вэ? Энэ асуултад Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Монгол шуудан” компанийн ТУЗ төрийг төлөөлсөн гурав, хувийн хэвшлийг төлөөлсөн гурав, хараат бус гурван гишүүнээс бүрдэж, гүйцэтгэх захирлаа тэд томилбол жишиг засаглал тогтооно” гэж хариулсан. Одоогоор хамгийн бодитой саналыг тэр хэлээд байгаа юм.
Олон улсын валютын сан, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран 2011 онд Монголын хөрөнгийн биржийн “ТОП-20 индекс”-т багтдаг компаниудын мэдээлэлд дүн шинжилгээ хийгээд “Монголд компанийн засаглал сул хөгжсөн” гэсэн дүгнэлтэд хүрч байв.
Тухай үед Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат “Компанийн засаглалын зохицуулалт сул байна. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2012 оноос мөрдөж эхэлбэл засаглал сайжрах магадлалтай” гэж ярьж байлаа.
Компанийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа засаглалын сайн жишгийг тусгасан юм. Уг хуулийг олон компани мөрдөхгүй байгаа. Тиймээс засаглал сайжирсангүй.
Хязгаарлагдмал хариуцлагатай, гэр бүлийн компанийн засаглал сайн, муу байх нь олон нийтэд хамаагүй. Гэр бүлийнх нь бизнес доройтвол тэд л хариуцлага хүлээнэ. Харин хувьцаат болон төрийн өмчит компанийн засаглал ондоо хэрэг.
Хувьцаат компани олон хөрөнгө оруулагчтай. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хөсөрдөх магадлал өндөр. Тэгвэл төрийн өмчит компанийн жинхэнэ эзэн нь олон нийт юм. Олон нийтийн өмч учраас анхаарахаас ч өөр аргагүй.
Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн 2013 оны тайланд “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 300 гаруй компанийн 181 нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаж, 139 нь санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд хүргүүлсэн” гэж тусгажээ.
Шинэ эрх зүйн орчин бүрдсэнээр МХБ-ээс хуулиа дагаж мөрддөггүй, засаглалаа сайжруулдаггүй “хүнд гарууд”-ыг хассан. Ингэснээр хөрөнгийн биржийн бүртгэлд 190 компани үлдээд байгаа.
Эдгээрээс 2014 онд 135 нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, 155 нь санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлэн, 146 нь ТУЗ-дөө хараат бус гишүүн томилсон гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Шинэ хууль хөрөнгийн зах зээлд “цэвэрлэгээ” хийснийг эндээс харж болно.
Хувьцаат компани болон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүний гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байх хуулийн заалттай. Хувьцаат компаниудын 78 хувь энэ заалтыг хэрэгжүүлжээ.
Харин төрийн өмчит компанийн удирдлагууд энэ заалтыг хэлбэр төдий хэрэгжүүлж, зарим нь үл тоож байна. ТУЗ-дөө хараат бус гишүүн томилох тухай дүрэмдээ тусгаагүй компани ч бий.
“Хараат бус гишүүнд гүйцэтгэх захирал, эсвэл төрийг төлөөлж буй ТУЗ-д багтсан хүмүүсийн найз нөхөд, бизнесийн холбоотой хүмүүсийг томилж байгаа учраас хяналт тавьж чадахгүй байна” гэж Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр дүгнэв.
Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа хаалттай, үр ашиггүй байгаа учраас ингэж дүгнэх ч үндэстэй. Хараат бус захирлууд хэлбэр төдий л ажиллаж байна гэсэн үг. Гүйцэтгэх удирдлагыг нь ТУЗ биш, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар салбарын бодлого хариуцсан сайд томилдог.
ТУЗ-ийн гишүүдийн олонхийг тухай салбартай холбоотой яам, тамгын газрын ажилтнууд бүрдүүлнэ. Ингэхээр төрийн өмчит компани нэг сайдын өнгө үзэмжээр ажиллахгүй гээд яах вэ.
ТУЗ-ийнх нь олонхийг олон нийтийн байгууллагын төлөөлөл, сайд, дарга нарын хэнтэй нь ч хамааралгүй хараат бус захирлуудаар бүрдүүлж, Компанийн тухай хуулийг мөрдүүлбэл засаглал нь сайжирна.
Компанийн тухай хуулийг мөрдвөл ТУЗ нь гүйцэтгэх захирлаа томилох, чөлөөлөх, хариуцлага тооцох эрхтэй болно.
Монголын хөрөнгийн биржийн ТУЗ улс төрөөс хамааралгүй хараат бус гишүүдтэй. Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар МАН-ын гишүүн, улстөрч Б.Ундармааг томилох санал гаргахад хараат бус захирлууд нь эсэргүүцэн болиулсан.
Энэ бол сайн засаглалын жишээ. Нийгэмд дуулиан дэгдээгээд буй “Монголын төмөр зам” компанийн хөрөнгөөс завшсан гэх хэрэг бол муу засаглалаас улбаатай. Тус компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг компанийнхаа хөрөнгөөс “идсэн” гэж сэжиглэж шалгаж байна.
Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан П.Бат-Эрдэнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Б.Батзаяаг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбодог.
Тэрбээр Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллах үед нь “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар томилогдсон нэгэн.
Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2013 онд “Монголын төмөр зам”-ын ТУЗ-д Г.Батхүрэл, Б.Артур, Ц.Түвшинжаргал, Н.Батбаатар нар төрийг төлөөлөн ажиллаж байжээ.
Хараат бус гишүүнээр Ч.Баасандорж, Б.Ганзориг, Н.Ариунболд нар ажиллаж байсан. Тэднийг ч байцаан шалгах эрх зүйн үндэстэй. Төр хэмээх эзэн биегүй ойлголтын дор олон нийтийн өмч эзэнгүйдэж буй тохиолдол олон бий.
Төрийн өмчит компанид бүлэглэлийн биш, олон нийтийн засаглал тогтоох нь хамгаас чухал.
Төрийн өмчит байлгах, хяналтын багцыг нь төр мэдэж байх шаардлагатай компаниудын хувьцааны тодорхой хэсгийг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжаад, удирдлагыг олон нийтийн төлөөлөлд хариуцуулбал сайн засаглал тогтох нь дамжиггүй.
Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай биш, Компанийн тухай хуулийн дагуу ажиллуулахаа мартаж болохгүй.
Т.ЭНХБАТ