Манай улсын нийт хүн амын эрүүл мэндэд хамгийн их аюул заналхийлж буй зүйл бол яах аргагүй агаарын бохирдол. Агаарын бохирдлоос шалтгаалан агаарын дээд давхаргад азоны хомсдол бий болж, түүний уршгаар хүн төрөлхтний эрүүл мэнд, дэлхийн эко системд аюул нүүрэлсээр байна.
Үүгээр ч зогсохгүй агаар нь байнгын хөдөлгөөнд оршдог тул агаарын бохирдол нь зөвхөн нэг хэсэг орны бус дэлхий хэмжээний асуудал болоод багагүй хугацааг үдэж байна.
Харин эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байгаа аж.
Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байгаа юм.
Агаарын бохирдлын хэмжилтийн дүнгээс харахад сүүлийн 2 жилд өвлийн улиралд агаар бохирдуулагчийн хэмжээ буурсан төлөв ажиглагдсан ч тэдгээр бохирдуулагчид бодисын Монгол Улсын агаарын чанарын стандарт дахь хүлцэх агууламж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс давсан үзүүлэлт бүхий өдрүүдийн тоо төдийлөн буураагүй байгаа юм.
Түүгээр ч зогсохгүй утаа, агаарын бохирдол нь хүүхдийн өсөлт хөгжилт, оюун ухаанд маш хүчтэй нөлөөлдөг. Нобелийн шагналт Кирк Смит нь орчны эрүүл мэндийн ухааны профессор 1995 оноос хойш хөгжиж буй орнуудын агаарын бохирдол түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалжээ.
Тэрээр Гватемалийн нэгэн тосгонд одоогоос 13 орчим жилийн өмнө жирэмсэн эмэгтэйд агаарын бохирдлыг хэмжих микросхемтэй чип гэх төхөөрөмжийг биед нь зүүлгэж байжээ. Ингэснээр найман жилийн дараа тэр хүүхдэд бүрэн шинжилгээ хийхэд агаарын бохирдол хүүхдийн оюун ухаанд нөлөөлсөн нь тогтоогдсон байна.
Агаарын бохирдолттой газар амьдарч байсан эхээс төрсөн хүүхэд ой тогтоох чадвар нь бага, аливаа зүйлийг ойлгохдоо удаан байгаа нь агаарын бохирдолгүй, нүүрс түлдэггүй нөхцөлд амьдарсан хүүхэдтэй харьцуулсан судалгаагаар тогтоогджээ.
Тэгвэл энэ сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөлгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээоэн хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын эрдэмтэд болон эрдэмтэн судлаач зэрэг нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
Тэд агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж байгаа юм.

Зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн дарга С.Оюун “Монгол Улсын хүрээлэн буй орчны өөрчлөлт, агаарын бохирдол: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан юм.

Тэрээр тус илтгэлдээ “Агаарын бохирдол бол хамгийн их тулгамдсан асуудал. 2011 онд Агаарын бохирдлыг бууруулах хороо болон Цэвэр агаар сан байгуулагдаж, сүүлийн 4 жилд бодитой төсөв төсөвлөгдсөн.
Ингэсний үр дүнд 2011-2012 онд агаарын бохирдол бага зэрэг буурч. Өөрөөр хэлбэл, анх удаа Цэвэр агаар сан байгуулагдаж, жилд 30 тэрбум төгрөг төсөвлөж, Мянганы сорилт ОУБ-тай хамтран гэр хорооллын айлуудыг сайжруулсан зуухаар хангасан юм.
Хамгийн сүүлийн судалгаагаар гэр хорооллын айлуудын 55 орчим хувь нь сайжруулсан зуухыг хэрэглэж байна гэсэн үзүүлэлт гарсан. Би юу хэлэх гэсэн бэ гэвэл бүх чиглэлээр урагшлах ёстой.
1-2 ажил хийж байгаад бага зэрэг үр дүн гарч эхэлж байтал үр ашиггүй гээд зогсоох бус харин ч эцсийн үр дүнг үзэхийн төлөө бага багаар ахиж байх хэрэгтэй. Утаа, агаарын бохирдол ганцхан өдрийн дотор алга болчихгүй.
Дээрээс нь энэ оны төсвийг бүр “нойллочихсон”. Бид УИХ-аар нэлээд маргалдаж байж 5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Тиймээс тууштай, удаан хугацаанд чиглэл чиглэлээр явах хэрэгтэй юм” гэсэн юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтэсийн дарга Ж.Батбаяр
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд агаарын бохирдлын хяналт, шинжилгээг хийж байна. 2011 оноос өнөөг хүртэл агаарын бохирдол нь түгээмэл бохирдол үүсгэгчдийн хувьд 26 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй байна.
Гэхдээ энэ нь 2010-2011 оны үеүдэд стандартаас 7-9 дахин их байсан үеэсээ буурч байгаа болохоос биш бидний шаардлагад нийцсэн стандартаасаа доошоо буурч байна гэсэн үг биш.
Ямар ч байсан Төр засгийн авч хэрэгжүүлсэн аргын үр дүн тодорхой хэмжээгээр гарч байгаа юм. Тиймээс бид энийг таслах ёсгүй, бага багаар урагшилж байх ёстой.
Бид гадаад улсын туршлагыг их ярьдаг. Гэвч энэ нь бидэнд үр дүнгээ төдийлөн сайн өгөхгүй. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын агаарын бохирдолд физик газар зүйн онцлог илүү их нөлөөлдөг ба агаарын бохирдлын хуримтлалыг бий болгодог.
Тэгэхээр өвлийн улиралд гол бохирдол бий болоход 12, 1, 2 сард цахилгааны хөнгөлөлт эдлүүлэх, бохирдлын гол эх үүсвэр байгаа газруудад тодорхой ангилал, зэрэглэлтэйгээр арга хэмжээ авбал зүйтэй.
Харин эрүүл мэндийн хувьд хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний хувьд зөвхөн амьсгалын замын өвчнөөсөө илүүтэйгээр эд эрхтний түвшинд хүрэх өвчлөлүүдийг бий болгох магадлалтай юм.
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш, анагаах ухааны доктор Г.Энхжаргал
Улаанбаатар хот бол агаарын бохирдол өндөртэй, дэлхийн хамгийн их бохирдолтой 10 хотын нэг болсон.
Энэ нь ургийн өсөлт, хөгжилтөд нөлөөлж байна уу үгүй юу гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлахын тулд АШУҮИС Саймон Фрейзерын их сургуультай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын ургийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг тогтоох” судалгааг урьдчилсан байдлаар хийгээд байна.
Энэхүү судалгааны дүнгээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар гэр сууцных нь дотоод орчинд бууруулахад ургийн өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлж, тус ээжүүдээс төрсөн нярай 80 граммаар илүү байсан юм.
Агаарын бохирдлын ургийн өсөлтөд нөлөөлж буй нөлөөллийг нярайн жин, урт, толгойн тойргоор хэмжиж гаргасан.
Саймон Фрейзерын их сургуулийн доктор, дэд профессор Райн Аллен
Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг тэр чинээгээр бууруулбал эерэг нөлөө гарч, нөгөө талаар агаарын бохирдол энэ хэрээр ургийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж байгааг баталсан юм. Энэхүү судалгааг Улаанбаатараас бага бохирдолтой АНУ, Нью Йорк, Европын холбооны улсуудад хийсэн. Энэ судалгаагаар ч мөн адил ургийн өсөлтөд нөлөөлж байгааг тогтоосон.
Харин энэнээс сэргийлэхийн тулд мэдээж хугацаа хэрэгтэй. 1-2-хон жилийн дотор шийдчихдэг асуудал биш. Ингэхийн тулд иргэд, тэр дундаа жирэмсэн эхчүүд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй.
Жишээлбэл, тэдний нэг нь бидний судалгаанд хамрагдсан өөрийн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах төхөөрөмж хэрэглэх хэрэгтэй. Мөн агаарын бохирдол хамгийн их байдаг өглөө болон оройн цагаар гэрээсээ гарахгүй байх, зориулалтын нарийн ширхэгт тоосонцор РМ2.5 тоосонцрыг шүүх зориулалттай маскыг зүүж байх ёстой юм.
Харин Монголд дээрх зориулалттай маск төдийлөн байдаггүй ба Япон улсаас “Ракү” маск буюу “Хялбар маск”-ыг оруулж ирдэг байна. Тус маск нь хоёр давхар мөн арьсанд сайн хүрч өгөх учир тоос нэвтрүүлэхгүй, РМ0.5 тоосонцроос хамгаалах өндөр зэрэглэлийн шүүлтүүртэй байна. Түүнчлэн ойролцоогоор 7-10 хоног хэрэглэх боломжтой ба амьсгалахад хялбар аж.


Маскны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 95959088 дугаар луу залгах боломжтой гэнэ.