Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, гавьяат тамирчин, улсын заан, Аврагч спорт хорооны даргаар хурандаа цолтой ажиллаж байсан Ц.Баярсайхан бусдаас хуурамч бичиг баримт ашиглан 500 сая төгрөг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 11 жил хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хураах, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүний эзэмшлийн 2010 онд Япон улсад үйлдвэрлэсэн, 99-99 УБР улсын дугаартай, “Лексус-570” маркийн автомашин, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байх 173.1 м.кв талбайтай орон сууцыг хохиролд нь тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр болсон.
Тэрбээр анхан шатны шүүхэд ч, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ч гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би 2011-2013 онд “Мах импекс” компанид мах нийлүүлдэг байсан.
Уг нь Т.Алтанцэцэгийг хуурч мэхлэх бодол байгаагүй. Гэхдээ түүнд хуурамч гэрээ үзүүлсэн нь үнэн. Одоо хохирогчид 390 сая төгрөг өгөх дутуу, 110 саяыг нь өгсөн гэжээ.
Харин хохирогч Т.Алтанцэцэг “Ц.Баярсайханы хадам дүү Б.Таванбаяр эхлээд зээл авмаар байна гэж утсаар ярьсан. Ингээд Ц.Баярсайхан нь дөрвөн өрөө байраа барьцаалан 200 сая төгрөгийн зээл манай банк бус санхүүгийн байгууллагаас авсан.
Тэгээд дараа нь надтай уулзах санал тавиад “Мах импекс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, Ч.Уламбаяр нарын гарын үсэгтэй гэрээ үзүүлж мах нийлүүлдэг тухайгаа хэлж, мөнгө хэрэгтэй байна гэсэн.
Хүмүүсээс Ц.Баярсайханы талаар судлахад мах нийлүүлдэг нь үнэн гэж байсан тул итгээд 65:35 хувиар ашгаа хувааж авах гэрээ хийхээр болсон. Мөнгөө өгөхгүй байхаар нь “Мах импекс”-ийн гүйцэтгэх захиралтай уулзахад Ц.Баярсайхантай гэрээ хийгээгүй болох нь тодорхой болсон.
Надад “Мах импекс” компанийн захирлын гарын үсэгтэй хуурамч гэрээ үзүүлсэн байсан” гэжээ.
Гэрч Ч.Уламбаяр, Г.Бүдрагчаа нар “2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд Ц.Баярсайхантай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин 2011 онд манайхтай гэрээ байгуулж байсан удаа бий. Гэрээний үүргээ зохих ном журмын дагуу дуусгасан. Өөр ямар ч гэрээ байгуулаагүй” хэмээн мэдүүлжээ.
Тэгэхээр улсын заан Ц.Баярсайхан хуурамч гэрээ үзүүлж, бусдын итгэлийг эвдэх замаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь маргаангүй.
Тиймдээ ч гэм буруугийн асуудлаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, зөвхөн хэргүүдээ нэгтгэн шалгуулж, шийдвэрлүүлэхийн тулд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэсэн гомдол гаргасан сурагтай.
Ц.Баярсайханд холбогдох залилангийн хэргийг шүүхээр шийдвэрлэхээр товлосны дараа “Бусдаас 50 сая төгрөг залилан мэхэлсэн үндэслэлээр 201526021783 дугаартай хэрэгт Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж байгаа тул хэргийг нэгтгэн шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэсэн байдаг.
Анхан шатны шүүх Ц.Баярсайханд холбогдох хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Ингэх үндэслэлээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасан ба шүүх эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжтой хэмээн тайлбарласан байгаа юм.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58.1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж буй бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор ногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оноосон эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заасан.
Ийм байдлаар шийдвэрлэх боломжтой учраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх улсын заан Ц.Баярсайхан болон түүний өмгөөлөгч С.Батжаргал нарын гомдлыг хүлээн аваагүй.
Шүүхийн практикт ч ийм байдлаар шийдвэрлэж байсан хэрэг олон. Тухайлбал, олны анхаарал татсан хэргүүдээс “Цэвэр агаар” сангийн захирал, нягтланд холбогдох хэргээс дараа нь илэрсэн өөр нэг үйлдлийг 2015 оны долдугаар сарын 8-нд шийдвэрлэж байсан удаатай.
“Цэвэр агаар” сангийн гэх тодотголтой хэргийг 2014 оны хоёрдугаар сард шүүх шийдэж байсан юм.
Д.ДАЙЧИН