Саяхан хамаатны маань нэг айлд хулгайч орчихжээ. Гэрийнх нь цоожийг эвдэж ороод шинэ пүүзийг нь аваад явчихсан гэнэ. Цагдаа, шинжээч нар ирж, элдэв юм асуугаад, хулгайчийг баривал хэл дуулгахаа мэдэгдээд явжээ.
“Цагдаа хүү “За тэгээд тэр пүүз чинь ямар ид шидтэй юм бэ дээ” гэж асуусан нь даапаалж байгаа юм шиг санагдлаа. “Юун ид шид байх вэ. Гэхдээ л хүү минь худалдаж аваад ганц удаа ч өмсөж чадалгүй хулгайд алдсан нь хайран байна.
300-400 мянган төгрөгийн үнэтэй пүүзийг найзаасаа 100 мянгаар авсан юм билээ” гэж хамаатны ах халаглан ярьсан. Одоо тэр пүүзний сураг тасарсан бөгөөд цаашид ч олдохгүй л болов уу.
Хулгайлсан хүнийг нь барилаа ч түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Хамгийн инээдтэй нь цагдаа тэр хулгайчийг 5-20 мянган төгрөгөөр торгоод, “Ахиж хулгай хийж болохгүй шүү” гэж аргадах, айлгахын хооронд хэлээд л явуулна.
Энэ бол бодит үнэн. Учир нь Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэжээ.
Бага бус хэмжээний хохирол гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэн буюу 192-960 мянган төгрөгийн хохирлыг хэлж буй. Өөрөөр хэлбэл, үнээс бага хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн үг. Тэгэхээр өнөөх хулгайчид захиргааны арга хэмжээ авч, дээд тал нь 20 мянган төгрөгөөр торгоод л боллоо.
Ингээд эд зүйлээ алдсан хүн хохирлоо барагдуулж чадахгүй хоцорно. Тэгэхээр эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд буюу илүү ихийг нэмж хулгайл гэж урт гартнуудад хэлмээр ч юм шиг. Тэгвэл ядаж тэд гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээнэ шүү дээ.
Хуулийн энэ цоорхойг хулгайч нар маш овжин ашигладгийн нэг жишээ нь гар утас. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянга байхад 50 мянган төгрөгийн гар утасны хулгай их гардаг байж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүй учраас Захиргааны тухай хуулийн дагуу 5-20 мянган төгрөгөөр торгоно.
Хулгайчийг барьсан ч утсаа алдсан хүн сохор зоос ч олж авч чадалгүй өнгөрнө. Харин гурваас дээш удаа захиргааны арга хэмжээ авахуулсан бол баривчлах юм уу, өөр хариуцлага тооцдог тухай өмгөөлөгч Н.Цэвээн ярьсан. Хохирсон хүнийг хохиролгүй болгохын тулд олон нийтэд тустай ажил хийлгэн, улсаас хөдөлмөрлөсөн хөлсийг нь хохирогчид өгөх тухай зохицуулалт хуульд оруулах хэрэгтэйг тэрбээр мөн хэлэв.
Гар утсаа хулгайд алдаж үзээгүй хүн бараг л үгүй болов уу. Гэхдээ тэр бүр цагдаад хандаж, хохирлоо барагдуулсан нь хэд бол. Ингэж халаасны хулгайч нарыг өөгшүүлсээр байгаа юм.
Хулгай байнга хийх магадлалтай, өмчлөх эрхийн гэмт хэрэгт гурваас дээш удаа шалгагдсан 4700 гаруй хүний зурагжуулсан мэдээлэл, судалгаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт байдаг аж.
Жингийн цуваа явж л байг гэдэг шиг тэд хулгай хийгээд баригдвал 20 мянган төгрөг төлчихнө, аз нь таарвал мултарчихна. Ийм үйл явц үргэлжилсээр.
Энэ сарын 9-11-нд Сонгинохайрхан дүүрэгт оршин суух Э-гийн гэрийн хаалганы даруулга төмрийг хөшиж, “Хас” зуух, цахилгааны тоолуур, цайны халуун сав, ширэн цүнх зэрэг эд зүйлийг хулгайлсан хэрэг гарсан бол Баянзүрх дүүргийн иргэн Э-гийн өвлийн сууцны вакуум цонхоор хулгайч орж, “Samsung-32” инчийн LCD зурагтыг нь авч оджээ.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад хулгайн гэмт хэрэг 106 бүртгэгдсэн байна. Айлын хашаанаас боодол өвс хулгайлахаас эхлээд гар нь загатнасан тэд юу ч хамаагүй авч л байвал болдог бололтой.
Алдсан хүн арван тамтай гэгчээр ойр орчмын хүнээ сэжиглэхээс эхлээд эдийн засгийн хувьд хохирч байна. Хэд хоног эзэнгүй байсан нэгэн айлд хулгайч орж, дэвссэн хивснээс эхлээд бараг л бүх тавилгыг нь нүүлгээд явчихсан байхад хажуу айлууд нь нүдэн балай, чихэн дүлий сууж байх.
Надад хамаагүй гэж суусаар байхад нэг л өдөр танайд хулгайч “айлчлах”-ыг үгүйсгэхгүй гэж цагдаагийнхан ярьж байна.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулав.
Ё.ЛХАГВАСҮРЭН: “МАНАЙХ ЭЗГҮЙ ШҮҮ” ГЭЖ ИЛТГЭХ
ТОМ ЦООЖОО АВЧ ХАЯ
-Орон байрны хулгайгаас сэргийлэх, таслан зогсоох тал дээр цагдаагийн байгууллага ямар ажил хийж байна вэ?
-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 27.757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2014 онтой харьцуулахад 1.6 хувиар өссөн дүн. Хувийн өмчийг хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 9169 бүртгэгдсэн нь өмнөх жилээс 8.8 хувиар өссөн үзүүлэлт.
Тиймээс иргэд орон байр, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна. Гэмт хэргийн 64 хувь нь Улаанбаатарт гарч буй учир үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Цагдаагийн газрынхан цөөнгүй ажил хийж байна.
Тухайлбал, хөршийн хяналт арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээг хэрэгжүүлж буй дүүрэг, хорооны айл өрх гэмт хэргийн хохирогч болох нь багассан. Гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо маш чухал.
-Тухайлбал, Баянзүрх дүүргийн XX хороо буюу Гачууртад орон байрны хулгай их гарч буйг тэндхийн цагдаа нар хэлдэг.
Нэг айлд гэхэд л гурван удаа хулгай орсон байх жишээтэй. Тэнд хөршийн хяналт бий юү?
-Гэр хорооллын айлууд “Манайх эзгүй шүү” гээд хашаа, амбаар, гэрээ том цоожоор цоожлоод явдаг. Үүнийгээ далд цоожоор солих хэрэгтэй. Ойр орчмын айлуудтайгаа хамтарч, хөршийн хяналт бий болгох нь хулгайгаас сэргийлэх нэг арга.
Хүмүүс “Манайх биш бол, хэнд хамаатай юм” гэсэн үзлээр ханддаг нь хулгайчийг өөгшүүлсээр байна. Өнөөдөр хажуу айлыг тань ухахад та дуугүй байсан бол дараа нь танайхыг онилсныг үгүйсгэхгүй.
Яагаад гэхээр ийм үйлдэл нь “Энэ хүн надаас айж байна” гэх сэдэл хулгайчид төрүүлдэг. Тиймээс сэжиг бүхий машин, хүн байвал цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй.
Ингэж чадвал хулгайч “Энэ газар иргэдийн хяналттай юм байна” гээд “үргээд” явчихдаг.
-Хөршийн хяналт бий болгоно гэхээр хүмүүс хариуцлагаас айж магадгүй юм. Ийм хяналттай болсноор тэд юу хийх вэ?
-Тухайлбал, Дондог, Дулмаа хоёр нийлж хөршийн хяналт бий болгож болно. “Гурав хоног эзгүй байна шүү” гэхэд нөгөө айл нь хяналт тавьж, сэжиг бүхий хүн ирвэл учир шалтгааныг асуудаг, шаардлагатай бол цагдаад мэдэгддэг байхад л болно.
Гэмт хэрэгтнийг хайж, олох, баривчлах ажлыг цагдаагийн байгууллагынхан хийнэ. Орц, гудамжаараа нийлж, хөршийн хяналт бий болгох хүсэлтээ Улаанбаатар хотын Цагдаагийн газарт ирүүлснээр мэргэжлийн хүмүүс очиж, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Хяналт сайтай газар гэмт үйлдэл гарах нь бага.
Гэрэлтүүлэг, хяналт байхгүй газар руу урт гартнууд шавдаг. Тиймээс орон сууцны айл, аж ахуйн нэгжүүд бүрэн камертай болох хэрэгтэй. 2014 онд камерын нэгдсэн стандарт баталсан.
Гэтэл хүн харахад л камертай болохоос бичлэг хийдэггүй, дүрс нь хэт бүүдгэр, шаардлага хангахгүй байх нь цөөнгүй. Цагдаагийн байгууллагынхан Улаанбаатар хотын 60 орчим хувийг камераар хянаж, харж байна. Одоо айлууд орц, хонгилоо камерын системд холбох хэрэгтэй гэв.
Сар шинийн баяр дөхөж буй энэ өдрүүдэд орон байрны хулгай ихэсдэг талаар цагдаагийнхан анхааруулж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутагт нэгэн согтуу нөхөр айлын амбаараас ууц хулгайлсан хэрэг уржигдар гарчээ.
Энэ мэтчилэн ууц, өвчүү, бууз банш, хэвийн боов хулгайлах явдал цөөнгүй. Хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол урт гартнуудын толгойг илээд өнгөрнө.
Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих шинэ Эрүүгийн хуульд хохирол барагдуулах тал дээр илүү анхаарсан зүйл заалтууд бий ч хулгайч нарыг албадан ажил хийлгэж, хүмүүсийг хохиролгүй болгох, дахин хулгай хийлгэхгүй байх хатуу, чанга хууль хэрэгтэй байна.
Ч.БОЛОРТУЯА