Өнгөрсөн долоо хоногт нэг галлон (3.78 литр) сүүний үнэ хоёр орчим галлон газрын тосныхтой дүйсэн талаар “Bloomberg” мэдээлэв. Чикагод нэг галлон WTI маркийн нефтийн фьючерс ханш бараг хагас галлон сүүний үнэтэй дүйж байлаа.
Өмнөх лхагва гаригт дээрх төрлийн баррель нефтийн ханш 26 ам.долларт хүрсэн нь 2003 оны тавдугаар сараас хойших бага дүн бөгөөд галлон нь 62 центтэй дүйж байсан гэсэн үг.
Харин нэг галлон сүү 1.18 “ногоон”-оор үнэлэгдэж байв. Статистикаас харвал өнгөрсөн 15 сарын хугацаанд газрын тосны үнэ 70 хувиар доошилсон байна.
Өмнөх долоо хоногт Давост өндөрлөсөн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр оролцогчид газрын тосны үнийн талаар хэлэлцсэн билээ. “Glencore”, UBS, Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцож буйгаар, уг таваарын ханш ойрын хугацаанд сэргэхгүй аж.
Ер нь зах зээл дэх газрын тосны үнэ “Урт хугацаанд улам доошлох” гэсэн “зохиол”-ын дагуу хямдрах гэнэ. Өмнө нь ийм шившлэгтэй байсан бол одоо “Бүр урт хугацаанд бүр илүү доошлох” болж өөрчлөгдсөн талаар улс орнуудын бодлого боловсруулагч, банкны төлөөллүүд ярилцжээ.
Хятадын эрэлт хумигдаж, Иран улсын олборлолтоос болж хэдийнэ бий болсон газрын тосны илүүдэл улам нэмэгдэхээр буй нь үүнд нөлөөлж байна. ОПЕК-ийн хоёр дахь томоохон үйлдвэрлэгч Иран өдөрт үйлдвэрлэх газрын тосны хэмжээг 500.000 баррелиар өсгөн, сарын дараа гэхэд дахин ийм дүнгээр нэмэгдүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж буй.
Иймээс газрын тосны томоохон “Saudi Aramco”, BP, “Royal Dutch Shell”, “To¬tal” компанийн удирдлага Давост хаалттай уулзан, зардлаа багасгах нь чухал гэдгийг тохиролцжээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “Нийлүүлэлт эрэлтээс давсан нь гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Газрын тосны үнэ цаашид “дарамт”-д байна. Энэ онд ханш нь өсөх шалтгааныг олж харахгүй байна” гэжээ. Тэгвэл “Glencore”-ийн захирал Тони Хайвард “Нийлүүлэлтийн шок арилах хүртэл газрын тосны үнэ өсөхгүй” хэмээсэн байна.
Мөн IHS компанийн зөвлөх Даниел Ергин “Газрын тосны үнэ өнөөдрийнхөөс өсөхийг үгүйсгэхгүй. 2016 оны хоёр дахь хагаст нэмэгдэх магадлалтай ч баррель нь 60, 70, 100 ам.долларт хүрэхгүй” гэж ярьжээ.
“Citigroup”-ийн тооцсоноор, ирэх дөрөвдүгээр улиралд баррель нефть 52 “ногоон”-той тэнцэж магадгүй гэнэ. Харин зарим шинжээчийн үзэж буйгаар, ирэх оны хоёрдугаар хагаст л нэмэгдэх төлөвтэй аж.
САУДЫН АРАБЫН ТЭВЧЭЭР БА СЭТГЭЛЭЭР УНАСАН ТАВАН УЛС
Саудын Арабыг газрын тосны зах зээлийг “хамгаална” гэж хүлээгээд хэрэггүй, учир нь тус улс үйлдвэрлэлээ багасгахгүй гэдгийг тус салбарын хамгийн том компани гэгддэг “Saudi Aramco” компанийн Удирдах зөвлөлийн дарга Халид ал-Фалих Дэлхийн эдийн засгийн форумын үеэр ярьсан байна.
Тэрбээр “Бидний орон зайг хэн нэгэн эзлэхийг зөвшөөрөхгүй. Хэрэв газрын тосны үнэ үргэлжлэн хямдарвал бид урт хугацаанд тэсэх болно. Гэхдээ ийм зүйл болохгүй гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.
Саудын Араб нь дэлхийн хоёр дахь том газрын тос үйлдвэрлэгч, тэргүүлэх экспортлогч юм. Ердөө 18 сарын өмнө баррель нь 100 гаруй ам.доллар байсан газрын тосны үнэ хямдарч, 30 “ногоон” болж буураад буй ч Саудын Араб зах зээл дэх байр сууриа хадгалахаар зорьж байгааг эндээс харж болно.
АНУ-ын занарын үйлдвэрлэл нэмэгдэж, газрын тосны зах зээл дэх өрсөлдөөн ширүүссэн бол одоо Иран олборлолтоо нэмэгдүүлсэн ч Саудын Араб худалдан авагчдадаа бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байх нь.
Газрын тос үйлдвэрлэгч орнууд уг таваарын хямд үнээс болоод хүнд нөхцөлд орж буйг CNN, “Reuters” зэрэг гадаадын хэвлэлд уламжилжээ. Бразил, Венесуэл, ОХУ зэрэг эрчим хүч экспортолдог орнууд хүнд байдалд ороод буй аж.
Өнгөрсөн онд Венесуэлийн инфляц 150 хувиар өссөн бөгөөд энэ жил дээрх тоо 200-д хүрэх магадлалтай гэнэ. Нийт орлогынхоо 75 хувийг газрын тосноос бүрдүүлдэг Саудын Арабын төсвийн алдагдал бараг 100 тэрбум ам.долларт хүрчээ.
Бас Африкийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч, экспортынх нь бараг 90 хувь уг таваарт ногддог Нигерийн орон нутгийн хэвлэлүүдийнх нь мэдээлж буйгаар төрийн албан хаагчид нь хэдэн сар цалингаа аваагүй аж.
Түүнчлэн Засгийн газар нь орлогынхоо талыг газрын тос болон байгалийн хийн экспортоос бүрдүүлдэг ОХУ-ын эдийн засаг агшсаар байна. Барууны орнуудын эдийн засгийн хоригоос үүдэн ОХУ шаналж байхад, дээр нь газрын тосны ханшийг бууруулах бодлогыг зарим орон баримталж байж магадгүй хэмээн шинжээчид тэмдэглэж буй.
Хойд хөршийн эдийн засаг өнгөрсөн онд 3.7 хувиар агшсан агаад газрын тосны ханш 2014 оны дунд үеэс хямдарсан нь үүнд нөлөөлсөн нь дамжиггүй. ОУВС-гийн тооцсоноор, тус улсын эдийн засаг энэ онд 0.6 хувиар агших төлөвтэй аж.
Үүнээс гадна ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод түвшиндээ хүрээд байгаа юм. Хойд хөрш энэ оны төсөвтөө баррель газрын тосны үнийг 50 ам.доллар гэж тооцсон ч одоогоор нефтийн ханш дөнгөж 30 “ногоон” шүргэж буй. Иймээс ч тус улс төсвөө танана гэж Засгийн газар нь мэдэгджээ.
Сангийн сайд Алексей Улюкауев энэ онд баррель нефть дунджаар 30 ам.доллартай тэнцэнэ хэмээн таамагласан ч түүний өөдрөг таамгийг хэн ч дэмжээгүй байна. Харин өмнөх Сангийн сайд нь Давост болсон форумын үеэр 2016 онд баррель нефть 16 “ногоон” болж хямдарч болзошгүйг хэлжээ.
Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн онд хойд хөршид ядуурал нэмэгдэж, инфляц нь 12.9 хувьд хүрсэн аж. Газрын тосны үнэ хямд байгаа нь Иракийн орлогод сөргөөр нөлөөлж буй.
Хэдийгээр газрын тосны олборлолтын хэмжээ нь түүхэн дээд түвшинд хүрсэн ч хямд үнээс болоод тус улс хохиролгүй байж чадсангүй. Ирак өдөрт 3.7 сая гаруй баррель газрын тос үйлдвэрлэж буйгаа нэмэгдүүлэхээр амлаад байгаа юм.
МОНГОЛД ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ХЭР ӨӨРЧЛӨГДӨВ
Зах зээлд “Газрын тосны үер” бий болсон хэмээсэн “British Petroleum”-ийн гүйцэтгэх захирал Боб Дадли “Баррель газрын тосны үнэ 10 ам.долларт хүрч буурсан 1986 оныг одоогийн нөхцөл санагдуулж байна” гэжээ.
Тэрбээр “Газрын тосны үнэ бодож байгаагаас чинь илүү хямдарна” хэмээн энэ сарын эхээр хэлж байлаа. Он гарснаас хойш гэхэд 20 орчим хувиар хямдраад байгаа газрын үнэ цаашид хэрхэх бол? “Хар алт” гэгдэхээ больж магадгүй газрын тосны үнэ цаашид төдийлөн өсөхгүй байх таамгийг Дэлхийн банк гаргажээ.
Тус банкны тооцоолсноор энэ онд газрын тосны ханш 40 ам.доллараас доогуур байх төлөвтэй аж. Харин АНУ-ын үйлдвэрлэл багасвал энэ оны хоёрдугаар хагаст газрын тосны үнэ арай өндийж магадгүйг Хонконг дахь UBS-ын таваарын судалгааны албаны дарга Доминик Шнайдер тэмдэглэжээ.
Хэдийгээр өнгөрсөн долоо хоногийн эцэс болон өчигдөр газрын тосны үнэ бага зэрэг дээшилсэн ч баррель нь 30 орчим “ногоон”-оор үнэлэгдэж байна.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ ийнхүү хямдарсан нь шатахуунаа 100 хувь гадаадаас импортолдог бидний хувьд баярламаар хэрэг, уг нь. Гэтэл тэгсэнгүй. Машинаа “хооллох” шатахууны үнэ төдийлөн хямдраагүй учраас тэр.
Дотоодод шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ 80-150 төгрөгөөр буурсныг Уул уурхайн яамнаас дуулгаж буй. Шатахууны үнэд хилийн үнэ, татварын хэмжээ, төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлт, үйл ажиллагааны зардал нөлөөлдөг. Эдгээрээс төр татваруудыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирэв.
2014 оны наймдугаар сараас дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ хямдарч эхлэхэд Засгийн газар, Уул уурхайн яам хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлсэн. Тодруулбал, Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд импортлогч компаниудад олгож байсан хөнгөлөлттэй зээлийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоожээ.
Зээлийн хүүг 16-18 хувь болгосон байна. Дээрх хөтөлбөрийг бүрэн зогсоож, зээлийн санхүүжилт эргэн төлөгдөж дуусчээ.
2015 оны Улсын төсвийн тухай хуулиар төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортолж байгаа шатахууны онцгой албан татварыг тонн тутамд 0-60.000 төгрөг байсныг 2015 оны нэгдүгээр сараас 252.000-265.000 байхаар тогтоосон.
Түүнчлэн 2015 оны хоёрдугаар сараас шатахууны гаалийн татварыг нэг хувь байсныг тав болгон нэмэгдүүлжээ. Ингэснээр өнгөрсөн оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас улсын төсөвт 460 тэрбум төгрөг төвлөрсөн аж. Бусад оронд дэлхийн зах зээлтэй уялдуулан газрын тосны үнээ хямдруулсан бол манайд татвараа нэмж, төсвийн цоорхойгоо нөхөхөд ашиглав.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд литр тутамд нь 80-400, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр бууруулаад буй. Мөн энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150, 21-нээс нийслэлд шатахууны үнийг 80-150 төгрөгөөр хямдруулсныг Уул уурхайн яам мэдээллээ.
100 гаруй ам.долларын үнэтэй байсан баррель нефтийн ханш 4-5 дахин буурсантай харьцуулахад (үүнээс шалтгаалж зарим оронд газрын тосны үнэ 15-48 хувиар хямдарсан) дээрх дүн даанч бага тоо юм.
Ц.БОЛОРМАА