Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ. 16.30 цагт эхэлсэн Байнгын хорооны хуралдааны дараа нэгдсэн хуралдааныг товлоогүй байсан ч УИХ-ын дарга З.Энхболд “Уг асуудлыг цаг алдаж, хойш тавилгүйгээр одоо хэлэлцэж шийдвэрлэе” гэсэн санал гаргасныг олонх нь дэмжсэн юм.
Тиймээс мөн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан сонгуулийн холбогдолтой төслүүдийг хойшлуулж, өнөөдөр хэлэлцэхээр тогтов. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн ирц 100 хувь байсан бол нэгдсэн хуралдааны танхимын цахим самбарт 75 гишүүн ирцэд бүртгүүлснийг харуулж байв.
Дутуу ганц гишүүн нь Х.Баттулга. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 19 гишүүний арав буюу 52.6 хувь нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн.
Хуралдааны үеэр огцруулах санал өргөн барьсан Г.Уянга нарын гишүүний үндэслэл болгож буй Оюутолгойн гэрээтэй холбогдолгүй олон асуудлыг гишүүд хөндөж, хэлэлцэх сэдвээс хадуурч байлаа.
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, АН-ын дотоод зөрчил, танхимын зарим сайдын хариуцлагын асуудал гэхчлэн олон зүйлийг асууж, тодруулж байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэр болгонд хариулаагүй.
Хуралдаан даргалагч ч зөвхөн Оюутолгойтой холбоотой зүйл асууж, тодруулахыг чиглэл болгож байсан юм. Ингээд зарим гишүүний асуулт, байр суурийг тоймлон хүргэж байна.
О.Баасанхүү: -“Оюутолгой” төслийн хүрээнд бидэнд ашигтайгаар юу шийдэж болох байсан бэ. Татварын зөрчлийг хүчингүй болгох эрх та бүхэнд бий юү?
Б.Бямбасайхан (“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал): -Оюутолгойн гэрээнд тогтворжуулсан хуулийн орчин гэсэн ойлголт бий. Тухайн үеийн бүх хуулийг тогтворжуулсан байдаг.
Татварын шалгалт хийсэн байцаагчид тогтворжуулсан хуулиудыг сайн ойлгоогүйтэй уг асуудал холбоотой. Сүүлд нь нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүх зүйлийг өнөөгийн хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн, хэрэгжүүлээд явж байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: -Бүх үйл явц хуулийн дагуу өрнөсөн. Бага улстөржиж, засаг төрийг тогтвортой байлгаж, огцруулна, гацаана гэхгүй бол эдийн засаг сэргэх бүрэн бололцоотой.
О.Баасанхүү: -Хариулт буруу байна. Ганц байцаагч буруу зүйл хийчихсэн юм шиг дайраад байх юм. 21 хүн гарын үсэг зурсан зөрчлийн баримтад буй үнийн дүнг хэлээч. Танд тэрийг хүчингүй болгох эрх байгаа юу?
Д.Ганболд (“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал): -Гурван сайдын ахалсан ажлын хэсэг үндсэндээ хоёр жил гаруй ажилласан. Ажлын хэсгийн албан ёсны нэр “шуурхай” гэсэн тодотголтой байсан ч 2-3 жилийн, нүсэр том материалыг нэгэн зэрэг шалгасан нь их цаг авсан.
Албан ёсоор 1.4 тэрбум ам.долларын зөрчил илрүүлж, “Рио Тинто”-д хүргүүлсэн ч түүнийг зөрчил гэдэг утгаар нь зөвшөөрөөгүй. Тийм ч учраас татварын маргаан эхэлсэн. Жил гаруй үргэлжилсэн маргааны эцэст Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд асуудлыг оруулж, хоёр талыг эвлэрүүлэх гэж оролдсон.
Үр дүнд нь хуулийг ингэж буруу тайлбарласан байна гэж үзэн, дийлэнхийг нь зөрчил гэх үндэсгүй, аж ахуйн байгууллагууд хоорондоо тохиролцож шийдэх боломжтой хэмээн шийдвэрлэсэн.
Зөрчил гэж үзэх 30 гаруй сая ам.долларыг хоёр тал хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурж, төлбөрийг “Оюутолгой” бүрэн төлсөн.
Зарим материалыг Маргаан таслах зөвлөлд нотлох баримтаар харуулж, баталгаажуулж чадсан учраас түүнийг нь үндэслэн Засгийн газар, Ерөнхий сайд шийдвэр гаргасан. Түүнээс биш, дур мэдэн шийдээгүй.
Г.Уянга: -Хөрөнгө оруулалтын гэрээгээр ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулна гэсэн.
ТЭЗҮ-д үүнийг 5.1 тэрбум ам.доллараар тусгасан. 5.1 тэрбум ам.долларын 34 хувийг манай тал зээлнэ, төслийн нийт хөрөнгө оруулалтад 14 тэрбум ам.доллар шаардлагатай, дээрх хоёр дүнгийн зөрүү болох есөн тэрбумыг нь үйл ажиллагаанаасаа олсон ашгаас бий болгоно гэж тохирсон.
Гэтэл “Оюутолгой” төслийн 2000 оноос хойш хийсэн хөрөнгө оруулалтын дүн 8.4 тэрбум гэж гарсан. Энэхүү санхүүгийн тайланг манай Сангийн яам хүлээн зөвшөөрсөн. Гэтэл бидний барих ёстой тоо бол 5.1 тэрбум ам.доллар.
Энэ хоёр дүнгийн зөрүү 3.3 тэрбум болж байгаа биз. Гэтэл та гурван сайд, 20 гаруй мэргэжилтний хоёр жил гаруй шалгаж гаргасан дүнг ердөө ойлголтгүй байсны үр дагавар гэх нь тайлбар биш.
Дээр дурдсан 3.3 тэрбум ам.долларын 45 хувьд нь анхан шатны ямар ч баримт байхгүй. Манай улсын бүх тайлан, бүртгэл анхан шатны баримтаар нотлогдох ёстой гэж хуулиар шаарддаг. “Рио Тинто” үүний гадуур яваад байна.
Д.Ганболд: -Акт гаргаж байх үед нийт тайлангийн 45 хувь нь баримтаар нотлогдоогүй гэж ойлгогдохоор байсан.
Тухайн үед тогтворжуулалтын болон хөрөнгө оруулалтын гэрээнд хаана, яаж, ямар маягаар бичиг баримтаа хадгалахыг тохиролцож, ойлголцож чадаагүйгээс анхан шатны бүртгэлийн бүх материал хилийн чанадад, дийлэнх нь англи хэл дээр хадгалагдаж байсан учраас бэлэн байгаагүй.
Олон сарын дараа контайнераар оруулж ирсэн бүх бичиг баримтыг орчуулахад нэлээд хэдэн сар шаардсан. Маргаан таслах зөвлөл үүнийг нэг мөр болгосон. Өөрөөр хэлбэл, баримтаар нотлогдоогүй нэг ч зардал гараагүйг хоёр тал хүлээн зөвшөөрсөн. Амьдрал бодсоноос өөр гэдгийн том нотолгоо нь “Оюутолгой” төсөл.
ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлд анх өгч байхад хөрөнгө оруулалтыг дөрвөн тэрбум ам.доллар гэж тооцож байсан. Эрдэс баялгийн зөвлөлд ТЭЗҮ-ийг өргөн барихтай хамт дутуу байгаа, ойрын хугацаанд дахин шинэчилж, тодруулна гэсэн амлалтыг хоёр тал өгсөн. Заасан хугацаанд ТЭЗҮ-ийг боловсруулж амжаагүй.
Геологийн нөхцөл, гүний уурхайн хэд хэдэн осол нөхцөл байдлыг эрс өөрчилсөн. Тийм учраас 1.4 тэрбум ам.долларын хэтрэлт гарах нь гарцаагүй байсан гэдгийг хоёр тал зөвшөөрсөн. Дашрамд хэлэхэд, энэ том төсөл байтугай өчнөөн жижиг байгууллагын үйл ажиллагааны зардал анх төлөвлөснөөс гол төлөв хэтэрдэг.
Нэгэнт хэтэрсэн зардлыг хөрөнгө оруулалт гэж тооцохгүй гэх үндэс байхгүй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэтрэлт нь Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагч талын аль алиныг хохироож байгаа. Тиймээс ногдол ашиг авах хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа шүү дээ.
Г.Уянга: -Амьдрал, бодол хоёр зөрдөг учраас ТЭЗҮ гэж байдаг юм. ТЭЗҮ-д 5.1 тэрбум гэчихээд 3.3 тэрбумаар зардлаа хэтрүүлэхээр “Амьдрал өөр юм” гээд сууж байж болох уу. ТЭЗҮ боловсруулахад монголчууд оролцоогүй.
Үүнийг “Рио Тинто” хоёр жилийн турш хийлгэсэн юм чинь бидний асуудал биш, зардлаа хэтрүүлсэн нь та нарын хэрэг, бид ийм их мөнгийг өрөөр төлж чадахгүй гэж хэлэх сэтгэл зүрх та бүхэнд байх ёстой байсан.
З.Энхболд дарга энэ талаар “Уг компанийн сүүлийн дөрвөн жилд авсан хөрөнгө оруулалтаас хамгийн амжилттай нь “Оюутолгой”. Монголд ТЭЗҮ-ээрээ 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэчихээд 6.5 тэрбум гэж бичнэ гэдэг өөр газар алдсан шархаа манайд нөхөж байгаатай яг адил” гэж хэлж байсан юм шүү.
Д.Ганболд: -Энд үнэхээр ойлголтын зөрүү байна. “Оюутолгой” төслийн ажиллах нийт хугацаанд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ 16 тэрбум ам.доллар юм шүү.
Дөрвөн тэрбум гэж тооцсон ТЭЗҮ бол эхний шатны ил уурхайнх бөгөөд далд уурхайд нэвтрэх зардал байсан юм. Энэ нь дөрөв дотроо багтаагүй учраас 5.4 тэрбум болж өссөн. Өссөн шалтгааныг нь инженер, санхүү төсвийн хувьд олон сар жилийн турш ажиллаж тогтоосон.
А.Тлейхан: -Та “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж гарч ирсэн. Харамсалтай нь байдал сайжирсангүй. Танаас ганцхан юм асууя, Тавантолгой цааш хөдлөх үү?
Ч.Сайханбилэг: -Эдийн засгийн хурд саарсан уу гэвэл саарсан. Ганц Монгол тохиолдож байгаа юм биш. Бид хэрэглээг хэт их шүтсэн эдийн засгаас хуримтлал руу шилжиж байгаа. Эдийн засгаа солонгоруулах ёстой.
Бодлого зөв явж байна. Гадаадын хөрөнгө оруулалт унасан нь үнэн. Уг гэрээгээр 1.2 тэрбум ам.доллар Монголд орж ирэх ёстой. Та ийм хандлагатай байж Тавантолгойг явуулах уу гэдэг чинь тавлаж байгаа юм шиг харагдаад байна.
Одоо гарч байгаа гадаад бондоор зээл авах гээд байгаа юм биш. Бидэнд төсвийн алдагдлаа нөхөх шаардлага байна. Өмнө нь банкуудын мөнгийг Засгийн газар аваад сорчихдог байсан юм.
Дотоодын өндөр хүүтэй бондоос зугатаагаад гадаадаас хүү багатайг гаргаж байна. Засгийн газрын асуудлаас болоод гацчихлаа.
М.Энхболд: -УИХ-ын шийдвэрийг Дубайн гэрээгээр дураараа зөрчсөн. Та бүхэн хөрөнгө оруулалтыг 2008 оны үеийнхээс сайжруулах байтал бүр муутгалаа. Гүний уурхайн ажил хэвийн явагдаж байсан.
“Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын захидлаас болж зогссон шүү дээ. Засгийн газар, улсын өмнө хүлээсэн үүргээ яаж биелүүлснээ ярих хэрэгтэй.
Д.Ганболд: -Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлсэн гэрээний тухайд хоёр тал нэгдмэл ойлголтгүй, ноцтой маргаантай байсныг эцэслэсэн. Хоёр янзаар ойлгож байсан бүх асуудлыг Дубайн төлөвлөгөөгөөр шийдсэн.
Г.Уянга гишүүн ТЭЗҮ-тэй холбоотой асуудлыг Монгол хохирсон юм шиг яриад байна. Тийм биш шүү.
Н.Энхболд: -Төлөвлөгөөний 5.6-д зээлийн санхүүжилт авах барьцаанд “Оюутолгой” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан эрхүүд, үл хөдлөх хөрөнгө хамаарна гэж заасан байна шүү дээ.
Бүхэлдээ “Оюутолгой” компани гэж заасан бол бүх эрх мэдэл, тусгай зөвшөөрөл, хөрөнгө тэдний талын зээлийн барьцаанд тавигдана гэсэн үг биз дээ. Тэнд манай эрх ч бий шүү дээ.
Б.Бямбасайхан: -“Оюутолгой” компанид эзэмшиж байгаа 34 хувийг ямар нэг байдлаар барьцаалсан зүйлгүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь анхнаасаа “Оюутолгой” компанийн мэдэлд буй. Уул уурхайн компани хөрөнгө босгодог зарчмын дагуу л явсан.
Л.Цог: -Д.Ганболд баримтыг худлаа хэлээд байна. Илэрсэн зөрчлийн үнийн дүнг 1.8 тэрбум ам.доллар, хэтрүүлсэн үнийн дүнг 1.4 тэрбум буюу нийт гурав орчим тэрбум болчихоод байгаагийн учрыг олох гэж хоёр жил маргалдаж байна.
34 хувьд ногдох тэрбум ам.долларт алдагдал хүлээх, эсэхийг тодруулъя. Анхны хөрөнгө оруулалтаас хэчнээнийг төлөөд байна вэ?
Д.Ганболд: -Зөрчил, зардлын хэтрэлтийг ялгаж ойлгох ёстой. Анх бүх хэтрэлт нь зөрчил юм шиг ойлгогдож байсан. Шалгалт хийсээр байна. Хэтрэлт нь 1.4 тэрбум ам.доллар юм. Ийм зүйл амьдралд гардаг учраас санхүүгийн, аль эсвэл хууль, эрх зүйн зөрчил гэж үзэхгүй.
30 сая ам.долларын зөрчилд ногдох торгуулиа төлж дууссан. Өртгийн хэтрэлтийг зөрчил гэж үзэхгүй. Анхны өртгөө төлөхөд маш олон зүйл хамаатай. Түүхий эдийн үнэ өнөөдрийнх шиг байвал өртөг нөхөх хугацаа хойшилсоор л байна. Аль алиных нь өгөөж багасна.
Л.Цог: -Хэтрүүлсэн нь хүртэл хууль бус юм шүү, Д.Ганболд оо. Огт орох ёсгүй юм зардал болчихоод байна шүү дээ.
22.25 цагт дугаар шилжих мөчид уг асуудлыг бүрэн шийдээгүй, нэгдсэн хуралдаан үргэлжилж байлаа. Санал хэлэхээр нэрээ өгсөн 52 гишүүнээс 20- ынх нь нэр самбарт дуурайж байв.
Б.НОМИН