Энэтхэгийн Ахмедабад хотод болсон онгоцны ослоос амьд үлдсэн цор ганц хүн болох Вишваш Кумар Рамеш нь 40 настай, энэтхэг гаралтай Их Британийн иргэн аж. Тэрбээр үүдний ойр байрлалтай, энгийн ангиллын 11А суудалд зорчиж байсан бөгөөд одоогоор “Ahmedabad Civil Hospital” эмнэлэгт эмчлүүлж буй тухай Ройтерс агентлаг мэдээлэв. Рамеш хэлэхдээ “Онгоц хөөрснөөс хойш 30 секундийн дараа осолдсон. Бүх зүйл маш хурдан болж өрнөсөн. Сэрээд хартал онгоцны хэсгүүд хаа сайгүй, намайг тойроод олон хүний цогцос байсан” гэжээ. Сүүлийн 10 жилд дэлхийн хэмжээнд 240 гаруй хүн амь насаа алдсан ийм осол гараагүй юм. Хотын цагдаагийн дарга Видхи Чаудхари “Онгоц нь оюутны байран дээр унасан тул осолдсон хүний тоо үүнээс давж магадгүй байна.
Цогцсуудыг танихын тулд ар гэрийнхэн нь ДНХ-ийн шинжилгээ өгөхийг хүссэн. Одоогоор 217 насанд хүрэгч, 11 хүүхэд, хоёр нярай эндсэн байж болзошгүй” хэмээв. Уг “Boeing 787-8” онгоц нь 2011 онд үйлдвэрлэгдэж, 2014 онд “Air India” компанид нийлүүлэгджээ. Бичлэгт харуулж буйгаар онгоц нь орон сууцын дээгүүр нисэж байгаа мэт бо-ловч, огцом газардаж, дэлбэрсэн. Үүнийг АНУ-ын нисэхийн аюулгүй байдлын зөвлөх Антони Брикхаус “Хөөрөх гэж буй мэт боловч дугуй нь хураагдаагүй нь анхаарал татсан” гэсэн бол Энэтхэгийн Иргэний нисэхийн сайд Рам Мохан Найду “Энэ ослыг агаарын ослын мөрдөн шалгах товчоо шалгаж эхэлсэн бөгөөд салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн чадварлаг баг ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна. Улс орнууд Энэтхэгт тусламж үзүүлж, нисэхийн салбарын чадварлаг ажилтнуудаа уг хэргийг шалгах, шийдвэрлэхэд дайчилж байгаа аж.
Д.Тамир