БНХАУ-ын Бээжин хотноо “Yongle international auction” компанийнхан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан дуудлага худалдааныхаа үеэр 131 см-ийн өндөртэй “Лабубу” хүүхэлдэйг 150 324 ам.доллароор зарсан байна. Ингэснээр энэ төрлийн тоглоомын зах зээлд хамгийн өндөр үнийн рекорд тогтоожээ. Уг дуудлага худалдааг зөвхөн “Лабубу”-д зориулсан бөгөөд 48 барааг үнэ хаялцуулж, 200 гаруй хүн оролцсон гэнэ. Сонирхуулахад, “Passport сard” даатгалын компанийнхны мэдээлснээр миллениал болон Gen Z үеийн гурван хүн тутмын нэг нь Лабубугаа хулгайд алдах вий хэмээн тусгай даатгалд хамруулахаар оролджээ. “Лабубу” нь Хонконгийн зураач Касинг Лунгийн арван жилийн өмнө бүтээсэн өвөрмөц төрхтэй мангасын дүр бөгөөд сүүлийн жилүүдэд олны танил хүмүүс сонирхох болсноор илүү алдартай болжээ. Угтаа БНХАУ-ын “Pop mart” тоглоомын компанийн борлуулдаг “Лабубу” хүүхэлдэй нь эхэндээ ойролцоогоор 50 юанийн үнэтэй байсан юм.
Э.Сүйлэн