Гүн овгийн Г.АЮУРЗАНА Зохиолч, яруу найрагч
Шүлгийг хүн олж хуримтлуулсан мэдлэгээрээ ч юм уу, амьдралдаа үзэж туулсан туршлагаараа бичдэггүй. Яруу найраг бол хийсвэр сэрэл мэдрэмжийн урлаг. Тиймээс жинхэнэ яруу найргийн өмнө зэрэгцээд зогсох юм бол олон ном хэвлүүлсэн Ардын уран зохиолч цолтон, анхны шад шүлгээ тэрлэж буй өсвөр насны жаал хоёроос найдаж хүлээх зүйл ив ижилхэн. Яруу найраг бол мөнхийн амьд, яг өнөөдөрт маань л оршин байдаг зүйл. Тэдний хэнээс нь ч сайн шүлэг төрж магадгүй. Басхүү хэн хэнээс нь шүлэг гэж нэрлэж тэнцэхүйц зүйл огт гарахгүй ч байж мэднэ. Насан туршдаа яруу найрагч гэгдээд нэг ч шүлэг бичээгүй хүн олон. Хэзээ ч яруу найрагч гэгдээгүй атлаа өврийн дэвтэрт нь гоц мэдрэмжтэй, уран шад тэмдэглээстэй яваа хүмүүс ч бий. Үүнийг олонх маань олж үздэггүй. Яруу найраг гэж тийм л олонход, дийлэнхэд, нийтэд хүртээлгүй урлаг. Хүртээлгүйн буруутан нь мөнөөх л мэдрэмж.
Мэдрэмж дутвал тэгээд л яруу найраг үгүй болдог. Өөр зүйлийн тухай ярих ч шаардлагагүй. Яруу найргийн тухай ярианд магтаал зохимжгүй. “Таалагдлаа” гэдэг үг хэзээ ч ул суурьтай хэмжүүр байж чаддаггүй. Нөгөө талд нь “таалагдсангүй” гэж хэлэх хүн олдоно. Тэр ч бас чухалчлан үзүүштэй үг бус. Юу нь, яагаад таашаагдав, эс бөгөөс юу нь таашаагдсангүй вэ, яагаад сэтгэлд хүрсэнгүй вэ гэдгээ хэлэх юм бол ултай задлал, дүн шинжлэл гарч ирнэ гэж судлаач шүүмжлэгчид эндүүрдэг. Харамсалтай нь, судлаач шүүмжлэгчдийн дийлэнх нь яруу найрагч болох гэж оролдоод чадаагүй, амин чанарт нь хүрэлгүй замаасаа буцагсад байдаг тул тэдний задлан шинжлэлээс яруу найраг өөрөө огт тэмтрэгддэггүй. Харин ч зарим магтаал, зарим шүүмж яруу найраг тийш дөхөж явсан залуусыг төөрүүлээд буцаачих нь олонтоо.
Яруу найргийг тэгээд яаж олж харах билээ?
Ахиад л мөнөөх мэдрэмж. Мэдрэмжтэй бичсэн үгсийг мэдрэмжтэй уншсаны дараа л бидний оюун сэрэхүйд яруу найраг сая бий болдог. Бичигдсэн нь яруу найраг бус. Уншигдсан нь ч яруу найраг бус. Бичвэрээс уншигчийн олж харсан мэдрэмжүүд л өөрөө яруу найраг юм. Тиймээс яруу найргийн ном уншчихаад “Сайхан ном болжээ”, “Сайн яруу найрагч төржээ” гэх мэтийн айлдвар хэлнэ гэдэг бол үнэ цэнгүй хоосон цэцэрхэл төдий. Яруу найрагт тийм онош огт хэрэггүй. Тийм онош тавиулсан шүлгүүд ихэнхдээ яруу найргийн бүтээл биш байдаг.
Цонхны тавцан дээр тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа ирж буув...
Цонх, цонхны тавцан. Тэнгэр, цэнхэр тэнгэр. Тэнгэрийн хэсэгхэн өөдөс, ганцхан дусал. Тагтаа, цэнхэр тагтаа, дусалхан цэнхэр тагтаа...Одоо та яруу найрагчийн нүдээр тэр бүхнийг хар.
Цонх.
Цонхны тавцан.
Тэнгэрийг төлөөлсөн, тэнгэрийн дусал төдий цэнхэр тагтааг хар.
Цонхны тавцан дээр тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа ирж буув. Удсан ч үгүй нисэн одов...
Нисэн одсон шувууны араас өндөсхийж, бүхий л ертөнц хоосорчих шиг мэдрэмж таны дотор сэрсэн бол энэ яруу найраг юм. Бичихийн ид шид, мэдрэмжийн бүдэгхэн гялбаа. Энэ бяцхан зураглалыг тэс өөр үгээр ч бас бичих боломжтой. Гэвч зөвхөн энэ хувилбарыг нь л бид олж үзлээ. Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа маань нисээд явчихлаа.
...Шувууг дагаад бодол
эзгүйрч суусан газрыг нь
харцаараа илбэхэд
бүлээн оргино.
Тагтаа сууж асан цонхны тавцанг харцаараа илбэгч бол уншигч та юм. Таны дотор мэдрэгдэн буй бүлээхэн амьсгал бол яруу найраг юм. Мэдрэмжийн тухай үүнээс илүү зүйл ярихад хайран байна. Учир нь энэ ном таныг цааш хөтлөх болно.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дагийраазайн Нямдоржийн “Тэнгэрийн дусал шиг цэнхэр тагтаа” шүлгийн түүврээс уншигчдадаа толилуулъя.
***
Амьдрал үзээгүй байж
үхлийн тухай эргэцүүлсэн,
өөрийгөө таниагүй байж
бусдын тухай санааширсан,
эдгэшгүй өвчтэй хүүхдийн нүд шиг
бага нас минь.
Эрсэн, санааширсан минь
тэр хүүхдийн амьсгал шиг,
ухаарсан, таньсан минь
тэр хүүхдийн амьдрал шиг...
Одоо харин сэтгэл минь
тэр хүүхдийн сүнс шиг.
***
Үгс хэлэгдэхээсээ өмнө
хаа нэгтээ хэлэгдчихсэн байдгийг,
үнэн гэдэг үй түм байж болдгийг,
худлын сүүдэр болохыг,
үс зүрхнээс ургадаг гэдгийг,
зүрх сэтгэлийн үс болохыг
би чамд хэлэх үү, байх уу?
Үзэсгэлэн гэдэг харааны гажиг болохыг,
үүрд үлддэгийг, үхэл хөгжил гэдгийг,
хөшигний цаана хэн ч байхгүйг,
үйлд төгсгөл үгүйг,
өнгөрсөн цаг л гэж байдгийг
би чамд хэлэх үү, байх уу?
Хүн загаснаас үүссэнийг,
загас л энэ тухай мэддэг гэдгийг,
хүйс гэж хайр сэтгэлд байдаггүйг,
хайр хүсэл болохыг,
хүсэл чулуунд хүртэл байдгийг,
чулуу амьсгалдгийг
би чамд хэлэх үү, байх уу?
***
Тэртээд толгойгүй хүн чулуу торойно
Түүний тавилан намайг хүлээж буй мэт,
толгойг нь би л тасдаж орхисон шиг
тийм гэх аргагүй этгээд бодол горойно.
Бодлоосоо эвгүйцэхдээ гурав нулимна
Толгойгүй хүмүүсийн дунд амь зууж буй
тавилангаа бодохоор хөх инээд хүрнэ
Инээднийхээ гашуунд хоёр нүд аргана
Ивлэх нулимсгүй болтлоо наслахгүй юм шүү!
Тэртээд толгойгүй хүн чулуу торойно
Тасарч одсон чулуун тэргүүн хаа нэгтээ
торойх биеэ хайн өнхөрч яваа санагдана.
***
Толгодын энгээр үргэлжлэх
дөрвөлжин дөрвөлжин булш-
Тойрч болохгүй ертөнцийн
том том хаалганууд...
Ажин түжин нойрсох
энэ л хотын иргэдийг
ахиад сэрээчих вий гэхдээ
аяархан явж өнгөрлөө.
***
Өвс хазах адууны амнаас бүдэг гэгээ түгнэ
Өргөсөн эрүүнийх нь доор хэсэгхэн газар
өнжиж хоносон мөөгөн хүрээ шиг цайна
Илчээ асгаж, шүүсээ залгилсан сүрэг өвс
ирэх жилийн хавар толгой илүү ургана.
***
Одод үлдэхгүй,
одод яралзсан шөнө үлдэхгүй,
орчлонг аврах
гоо үзэсгэлэн үлдэхгүй
Огтоос юу ч шинээр үүсээгүй шигээ
орчлон гэгч зүүд үлдэхгүй
Ой тойнд үлдэхгүй энэ л зүүднээс
огтолж орхисон чих л үлдэнэ.
***
Өрсөн даалуу шиг өдөр хоногууд нурна
Өвсөн дундаас нүцгэн шилбэ гэрэлтэнэ
Өнхөрч унасан шүүдрийн дусалд оногдож
өчүүхэн шоргоолж усан бөмбөлөгт сэлнэ.
Нурсан даалуу шиг өнгөрсөн цагууд овоорно
Налсан өвс өндийн нүцгэн шилбэ халхална
Нөгөө шоргоолж усан бөмбөлгөө ууж бараад
норсон биеэ наранд ээн навчин дээр тухална.
Овоорсон цагууд дороос өнгөрсөн
учралууд цухуйна
Очоод нэгийг нь залруулъя гэвч
буцах зам хаагджээ
Шүүдэрт оногдсон шавж шиг
дурсамжаа ууж барахгүй
шүүтэй нэгнийх нь дотор насаараа сэлж амьдарна.
***
Чи бид хоёр өөр өөрийн диваажинтай
Чимээгүйхэн л тэндээ амьдрахыг хүсэцгээдэг.
Чилийсэн урт өдрүүдийг жаргалтайгаар үддэг ч
чи бидний диваажин давхцахаараа
там болдог.
***
Борооны дусал бүр унах газраа унана
Бутарсан ширхэг нь ч онох цэгээ ононо
Хэлэх үгс гэтэл хүрэх эзэндээ хүрэхгүй,
хэлэгдсэн хойноо цуурай нь арилахгүй.
Гудамжны тогтоол буцаад л дэгдэнэ
Гутлаараа туучсан минь дээрээс асгарна
Эргүүлж тавьдаг цагны элс шиг бороонд
эзэндээ хүрээгүй үгс л
шүхэр дуугаргана.
***
Салхи сэвэлзмэгц л навчис чимээгүй тасарна
Саяхан л моддын мөчир
ногоорч байсан санагдана
Уйлах гэдгийг мэдэхгүй
инээж явсан минь бодогдоно
Ургахдаа энэ навчис ер нь
унана гэдгээ мэддэг болов уу?
***
Моддын дээр хөөрсөн тэргэл саран
хээ тавьсан сувсан дэнлүү шиг...
Оддын доор тээнэгэлзэн зогсох минь
хувцас нөмөргөсөн
өвсөн мануухай шиг...
Гудамд унасан навчсын сүүдэр
эртний тансаг бийрийн зураг шиг...
Гутлаа чирээд туучна гэхээр
эрвээхэйн далавч шиг даанч эмзэг!
***
Цээжин дээр дараастай
энэ л чулууг авчихвал
цэв цэнхэр өнгөтэй
нулимс шиг булаг ундарна.
Цэв цэнхэр өнгөтэй
нулимс шиг булаг ундарсаар
цэв цэнхэр далай болж
хорвоо ертөнц живчихнэ.
Цээжин дээр дараастай
энэ л чулууг авахгүй ээ.
***
Чихээ бөглөсөн ч сонсогдох чимээгүй аялгуу
чичирхийлэн хоолой даваагүй чанга үгс
чимчигнэх уруул хүрээгүй
шунаг үнсэлт
чи бидний үзээгүй чихэр шиг амьдрал...
Үзээгүйнхээ төлөө л өрцөн цаанаа шаналж
үхэн үхтэлээ хайрлаад үүрд мартах болно.
***
Оройтсон саран үүлсийн цаанаас
нэг ил гарна, нэг далд орно
Орхисон гэрэл нь сарниж өгөхгүй
од шиг тодорно, од шиг бүдгэрнэ
Орондоо хөлбөрөн чиний тухай
бодож нэг үзнэ, больж нэг үзнэ
Орхисон дурсамж чинь үхэж өгөхгүй
навч шиг ургана, навч шиг унана
Од шиг сарны доор, сар шиг орны дээр
мод шиг би навч шиг чиний тухай бодно
Нэг модондоо хоёр ургадаггүй навч чи
нэг навчаа хоёр ургуулдаг мод хайна.
***
Өвсөн дунд ээмгээ гээсэн тэр үдэш
өөрийг чинь би өөрөөсөө олсон
Өөрийг чинь олсон тэр үдшээс хойш
өөрийгөө би өдөр өдрөөр гээсэн
Гээгдсэн би замын чинь дагуу
гунигтай гэгч нь навч шиг хэвтсэн
Зовлон үзээгүй жаргалтай чи минь
зүхэлтэй гэгч нь гишгээд өнгөрсөн
Гутлын чинь уланд шархийх чимээ л
гомдлыг минь зарлан тэнд үлдсэн
Өвсөн дунд ээмгээ гээсэн тэр үдэш
өөрийгөө ч би өөрөөсөө гээсэн.
***
Худаг руу шидсэн
хуучин модон ховоо шиг
би чам руу унана.
Хүч хүрэлгүй алдсан
ховоо дүүрэн ус шиг
чи надаас асгарна.
Аян замын улс
цангаагаа тайлдаг
худаг юм, чи!
Асгарыг чинь түшин
харангадаж үхсэн
гуйлгачин юм, би!
***
Хиртсэн бүрээс шиг
хотын тэнгэр...
Энэ бүрээсний цаана
цэлмэг тэнгэр байгаа!
Чулуун авс шиг
цардмал замууд...
Энэ авсны доор
өвс ургаж байгаа!
Мөсөн баримал шиг
хүйтэн хүмүүс...
Энэ баримлуудын дотор
хүн чанар байгаа!
Гүн овгийн Г.АЮУРЗАНА Зохиолч, яруу найрагч