Ахмад уран бүтээлчдийн ур ухаан, уран сэтгэмжит өвийг тээсэн “Эртний сайхан” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэнд өнөө жил 50 гаруй уран бүтээлчийн 61 бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой. Тухайлбал, Ардын зураач Г.Дунбүрээ, Ц.Байды, Төрийн соёрхолт барималч Ц.Амгалан, Төрийн соёрхолт зураач Ц.Цэвэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гунгаа тэргүүтэй Монголын дүрслэх урлагийн хөгжлийн төлөө бүхий л амьдралаа зориулсан, чадварлаг хүмүүсийн сор болсон бүтээлүүдийг энэхүү үзэсгэлэнгээс тольдох боломжтой. Мөн зөвхөн уран зураг төдийгүй оюуны мэлмийг тань баясгах цөөнгүй баримал бий аж.
Ирэх сарын 5-ныг хүртэл нийтэд дэлгэх “Эртний сайхан” үзэсгэлэнгээс байгаль эхийн мөнхийн өнгө, хүний амьдралын баялаг түүх, хүн чанар болон уран бүтээлчдийн сэтгэлгээний онцлогийг тольдоорой.
У.Цэцэг