Үзэл бодлоороо Маргарет Тетчер гэгддэг, 64 настай хатагтай Санаэ Такаичи ялбал хамгийн залуу Ерөнхий сайд болох байсан 44 настай Шинжиро Коизүмийг хоёрын даваанд ялж Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдоод арваадхан хоногийн дараа Парламент дээр болох Засгийн газрын тэргүүний сонгуульд ялахад эргэлзэх юмгүй гэцгээж байна. Эрх баригч намын даргын сонгууль өнгөрсөн бямба гарагт болсон юм. Ийнхүү тэрбээр Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох дээр тулаад байна.
Санаэ Такаичи Кобэ хотод их сургууль төгсөж, цахилгаан техникийн аварга том компани болох “Панасоник”-т ажиллаж, дараа нь АН-аас сонгогдсон Конгрессийн гишүүний туслахаар АНУ-д хоёр жил болж, олны танил болсон телевизийн хөтөлбөрийг ч хөтөлж байжээ. Гэлээ ч улс төр түүнийг ямагт татаж, 24 настай байхаасаа л Парламентын гишүүн болохыг мөрөөдөж байснаа нэг удаа сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байдаг. Эхлээд бие дааж нэрээ дэвшүүлээд Парламентын босгыг алхаж, эцэст нь ЛАН-д элсэж, албан тушаалын шатаар хурдан өгсөв. Намынхаа хэт баруун жигүүрт од болон гялалзаж, хэд хэдэн яам тэргүүлжээ. Анх 2006 онд Шинзо Абэгийн Засгийн газарт Окинава болон умард нутгийн буюу Японы нэрлэдгээр Оросын гэгддэг Күнашир, Шикотан, Итүрүп, Хабомаи арлыг хариуцдаг яамны сайд болов.
2012 онд Абэгийн Засгийн газрын бүрэлдэхүүнд дахин орж, эмэгтэйчүүд болон нийт үн¬дэстний асуудал эрхэлсэн яамдыг удирджээ. Хамгийн сүүлд Фүмио Кишидагийн Засгийн газарт Эдийн засгийн аюулгүй байдлын яамыг тэргүүлсэн байна.
Санаэ Такаичи Японы “төмөр хатагтай” болох хүсэлтэйгээ нуудаггүй, түүний улс төрийн хэв маяг, арга барил нь ч Британийн Ерөнхий сайд асныхтай ихэд дүйдэг аж. Японы сайд нар Азийн орнуудад эсэргүүцэл дэгдээхгүйн үүднээс Ясүкүни сүмд биечлэн очдоггүй, хандив өргөх төдийгөөр хязгаарладаг байтал Санаэ Такаичи тэнд байнга очдог байна. Шинзо Абэ л гэхэд хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болчхоод 2012 оны эцсээр ганц удаа л уг сүмд өөрийн биеэр очсон нь Хятад, Өмнөд Солонгосын дургүйг хүргэж, гол холбоотон АНУ-тай тогтоосон харилцаанд нь жавар хургуулсан гэдэг. Түүнээс хойш Абэгийн дараагийн Ерөнхий сайд нар “Эзэн хаан болон аугаа Япон”-ы төлөө амиа өгсөн цэргүүдийн сүнсэнд мөргөл хийдэг энэ сүмд өөрийн биеэр очихоо байсан аж. Японы төлөө янз бүрийн дайнд амиа өргөсөн 2.5 сая цэрэг, офицер, түүний дотор Дэлхийн II дайны 14 гэмт хэрэгтний нэр бүхий самбар тэнд байдаг юм байна.
Санаэ Такаичи Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, өөрийгөө хамгаалах хүчний талаар тусгахын төлөө тэмцдэг юм. Түүгээр ч барахгүй “өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчин” гэж нэрлэх нь зүйтэй гэж үздэг. Аюулаас хамгаалах салбарт сансарт болон кибер орон зайд батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийг, хосолмол зориулалттай өндөр технологийн салбарыг хөгжүүлэхийг дэмждэг байна. Хэрэв Засгийн газраа тэргүүлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай юун тухай яриахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн ням гарагт илэрхийлэхдээ Япон, Америкийн хэлхээ холбоог төдийгүй Япон-АНУӨмнөд Солонгос, Япон-АНУ-Филиппин, ЯпонАНУ-Австрали гэсэн харилцааг бэхжүүлэх нь чухал гэж үздэгээ мэдэгдсэн байна. Азид нөлөө бүхий Японтой хамтын ажиллагаагаа тэлэх нь ямар давуу тал авчрахыг Америкийн Ерөнхийлөгчид үзүүлэх хэрэгтэй гэж Санаэ Такаичи үздэг аж.
Улсынхаа аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд “мэдээллийн департамент” бий болгохоо амлаж, мөн энэ зорилгоор тагнуул, туршуу¬лын тухай хууль боловсруулах бодолтой байдгаа илэрхийлэв. Япон дахь гадаад иргэдтэй холбоотой үгс сонгуулийн өмнөх сурталчилгааны нь үеэр тод сонсогдож байжээ. Японы эртний нийслэл байсан, гудамжаар нь буга дураараа явж байдаг асан Нара хот Санаэ Такаичигийн төрсөн газар юм байна. Есдүгээр сарын 22-нд хэлсэн үгэндээ нөгөө бугуудыг нь өшиглөж байдаг гадаадын иргэдийн тухай хөндөж ярьжээ. Хууль журам зөрчиж буй гадаадын иргэдэд хариуцлага хүлээлгэдэггүй нь тэдэнтэй нэвтрэлцэх хэлмэрчдийг даруйхан олж чаддаггүйтэй холбоотой болохыг тэр мэдэгджээ. Санаэ Такаичи эвслээ өргөтгөж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зэрэг гол асуудлаар буулт хийхгүй, намынх нь эдийн засгийн байр суурийг хуваалцах намуудтай тохиролцоо хийхэд бэлэн гэдгээ тэмдэглэсэн байна. Үнийн өсөлтийг зогсооход тус болох арга хэмжээг ойрын үед авахаар төлөвлөж буй аж. Сөрөг хүчний шаардаад байгаа татварыг багасгах зорилт цаг хугацаа шаардах тул нөхөн олгох, татвар хорогдуулахыг зэрэгцүүлсэн уян хатан тогтолцоог Такаичи зөв алхам гэж үзэж байна.
Нэг гэр бүлийн 3-4 үеийн төлөөлөгчид төр, засгийн өндөр албыг удаан хугацаанд хашдаг улс төрийн үе залгамжлал Японы дээд зиндааныхан дотор нөлөө ихтэй байсаар ирсэн. Тэгвэл Санаэ Такаичи үүний эсрэг “энгийн гэр бүл”-ээс гаралтай. Эцэг нь “Тоёота”-д жирийн алба хашиж байсан бол ээж нь цагдаагийн байгууллагад ажиллаж байж.
Эмэгтэй хүнийг дээдлэх үзлийг, ижил хүйстэн гэр бүл болохыг Санаэ Такаичи эсэргүүцдэг, Японы Эзэн хааны суудалд эмэгтэй хүн залрахыг зөвшөөрдөггүй, рок хөгжим, мотоциклоор хурдан давхихад дуртай. Нөхөр, гэргий хоёр нэг овогтой байхаар тусгасан эртний хуулийг цуцлахыг дэмждэггүй. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хяналттай байхыг дэмждэг. Тэдэнд олгосон тусгай зөвшөөрлийг хурааж авах эрхийг Засгийн газарт олгох талаар мэдэгдэл хийж байж үг хэлэх эрх чөлөөг хориглох нь гэх шүүмжлэлд өртөж байв. Мотоциклоор Япон орноо тойрч байсан. Мориор давхих сонирхолтой. Парламентын депутат байсан Такү Ямамотой хоёр дахиа суугаад байгаа. 2004 онд анхны харцаар дурлаж, сайн танилцаагүй байхдаа гэр бүл болсон. Улс төрийн үзэл бодол таараагүйгээс 2017 онд салсан ч энэ саад байхгүй болсноор 2021 онд дахин нийлжээ
Сүүлийн таван жилд Ерөнхий сайд болж буй дөрөв дэх хүн нь Санаэ Такаичи юм. Засгийн газраа тэргүүлж байсан Шигэрү Ишиба нэг жил хүрэхгүй хугацаанд уг албыг хашаад огцрохоор шийдсэнээ есдүгээр сарын эхээр зарласан юм. Парламентын дээд танхимын сонгуульд нам нь ялагдсан нь үүний шалтгаан болсон байдаг.
Япон, Шинэ Зеланд улс Орост нөлөө үзүүлэх хоригийн дарамтаа хүчтэй болгож, Оросын нэг баррель нефтийн үнийг 47.60 ам.доллар болтол багасгаж буйгаа мэдэгдсэн. Үүнээс болсон эсэхийг бүү мэд, ямар ч байсан Японы нэртэй улс төрч эмэгтэй Санаэ Такаичид ОХУ 2022 онд хориг тавьсан байдаг.
Санаэ Такаичи хэт барууны үзлийг илэрхий баримталдаг, өшөө авах үзлийг дэмждэг гэж түүнийг хэлдэг. Японы бодлогод асар их нөлөөтэй гэгддэг Засгийн газрын бус “Ниппон Кайги” гэдэг байгууллагын гишүүн юм. Албан ёсны бус энэ бүтэц хэт барууны үзэлтнүүд, өндөр албан тушаалтан, цэргийнхэн болон нэртэй улс төрчдийг нэгтгэдэг. Түүний гишүүд Хятадын эсрэг үзлийг өдөөж, япон цэргүүдийн өдөөсөн гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөггүй.
Санаэ Такаичигийн гадаад бодлогын байр суурийг нэлээд харгис, түрэмгий гэж үздэг, “The Washington post” сонинд түүнийг “харцага” гэж нэрлэсэн байдаг. Цагаан ордонд түүнийг эртнээс үнэнч холбоотон гэж үзсээр ирсэн. Тиймээс Номхон далайн бүс нутаг дахь Америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлнэ, цөмийн зэвсэг үйлдвэрлэх, тээвэрлэх, эзэмшихэд тавьсан Японы удирдлагын милитарист санаархлыг хязгаарлаж буй хоригийг эргэж харах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн II дайны үр дүнг хянаж үзэх талыг дэмждэг Санаэ Такаичи Японы Ерөнхий сайд болох гэж буйд Хятад таагүй хандаж байгаа гэж хэвлэлд мэдээлжээ. Санаэ Такаичи өнгөрсөн онд Японы Ерөнхий сайд болохоор байсан ч түүний дүрсхийсэн араншин, хэт барууны үзэл нь Японыг хохироож болзошгүй хэмээн либерал ардчилагчид болгоомжилж Ишибаг илүүд үзсэн байдаг.
Р.Жаргалант