НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр эхэллээ. Ээлжит чуулганы нээлтийн ёслол уламжлал ёсоор есдүгээр сарын хоёр дахь мягмар гаригийн 15.00 цагт нээгдсэн нь энэ юм. Улс орнуудын Төрийн тэргүүн, Гадаад харилцааны сайд нар оролцож улс төрийн хэтийн төлөвийг тодорхойлж, дэлхий нийтэд тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг энэ чуулган ирэх оны есдүгээр сарын 30-нд өндөрлөх аж.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны хэлснээр чуулганы хүрээнд ирэх даваа гаригт “Мянганы хөгжлийн хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт болох бөгөөд 139 орны төлөөлөгчид оролцох юм. 2009 онд батлагдсан тус хөтөлбөрт өлсгөлөн, ядуурлыг бууруулах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ДОХ-той тэмцэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах зэрэг асуудлыг тусгасан.
Уг уулзалтын дараа буюу энэ сарын 22-нд биологийн асуудлаарх, 24-нд зэвсэг хураах олон талт гэрээний асуудлаар бага хурлыг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Дэлхийн өнцөг булан бүрт хүний амь эрсдэж, мөргөлдөөн гарч буйг багасгах зорилгоор зэвсгийн наймааг таслан зогсоох, цэргийн болон бие хамгаалах зорилгоор ашиглаж байгаа зэвсгийн тоог хянах гэрээний хэрэгжилттэй танилцах уг форум нэлээд маргаантай болох төлөвтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн Ираны цөмийн хөтөлбөр, Ойрхи Дорнод дахь зөрчлийн асуудал дээр зарим нэг улс орны удирдагч санал зөрдөг нь улам хурцдах магадлалтай. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уг хуралд оролцож Ираны асуудлыг хөндөх нь мэдээж. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дугаар чуулганы хүрээнд нийт 160 гаруй арга хэмжээ болох бөгөөд хар тамхитай тэмцэх, хүмүүнлэгийн тусламж, хүний эрх, олон улсын аюулгүй байдал, Африкийн орнуудын эдийн засгийн хөгжил гээд олон чухал асуудлыг шийдэх шинэ төслүүдийг батлах аж.
Энэ удаагийн чуулганыг Щвейцарийн Ерөнхийлөгч асан Жозеф Дейсс тэргүүлнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1945 онд үүсэн байгуулагдсан, 192 гишүүн орон, зургаан үндсэн хороотой. НҮБ-аас явуулж буй бүхий л үйл ажиллагааны явц, үр дүнг хэлэлцдэг ээлжит чуулган нь нэг жил үргэлжилдэг.
Х.Одончимэг