АНУ-ын Сан-Брунод байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрсэнтэй холбогдуулан Калифорни муж дахь бүх хоолойг шалгаж эхлээд байна. АР агентлагийн мэдээлснээр “Pacific Gas and Electric” компани энэ ажлыг хариуцан хийж байгаа аж.
Тус байгууллагын ажилтнууд хүн ам ихээр суурьшсан хотууд дахь хий дамжуулах хоолой бүрэн бүтэн эсэхийг шалгаж, байгалийн хий дамжуулахад шаардлагатай даралтыг хэмжих гэнэ.
Энэ сарын 9-нд Сан-Франциско хотын нисэх буудлаас холгүй хоолой дэлбэрсний шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй байгаа.
Мэргэжилтнүүд осол дахин гарахаас сэргийлэн ийм арга хэмжээ авч байгаа бөгөөд чанарын шаардлага хангаагүй, ямар нэг гэмтэлтэй хоолой байвал яаралтай засварлахаар төлөвлөж байна.