НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун тус байгууллагын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн шинэ тасгийн даргаар Чилийн Ерөнхийлөгч асан Ми шель Бачелетийг томилжээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Мартин Несирки хэвлэлийн бага хуралд энэ тухай мэдээлсэн байна.
НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн шинэ агентлаг эдүгээ эмэгтэйчүүдийн асуудал хариуцаж буй хэд хэдэн тасгийн ажил үүргийг өөртөө авах юм байна. “Шинээр байгуулагдаж буй тасаг жендерийн тэгш байдлын хийгээд нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх асуудал хариуцах юм.
“НҮБ-ын эмэгтэйчүүд”-ийг Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелет тэргүүлэх болсныг зарлахдаа би баяртай байна” гэж Бан Ги Мун НҮБ-ын төв байранд болсон баярын ёслол дээр хэлжээ. Бачелетийн шинэ албан тушаал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн орлогчтой зиндаа нэг байх ажээ.
Чилийн Ерөнхийлөгч асан албан тушаалдаа ойрын долоо хоногт орж, шинэ агентлаг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа эхлэх юм байна. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хөхиүлэн дэмжих зорилготой НҮБ-ын Сан (ЮНИФЕМ), жендерийн асуудал болон эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах асуудал хариуцсан НҮБ-ын тусгай зөвлөхийн ажлын алба, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах асуудал эрхэлдэг Олон улсын сургалт, эрдэм шинжилгээсудалгааны хүрээлэн, Эмэгтэйчүүдийн байдлын асуудал хариуцсан НҮБ-ын тасаг шинээр байгуулагдаж буй байгууллагын бүрэлдэхүүнд багтах юм байна.