.jpg)
Хилийн чанадад болон Кавказад амьдардаг чеченчүүд конгрессоо байгуулаад арав гаруй жил болж байна. Ерээд оноос эхэлсэн олон жилийн дайн энэ ард түмнийг сайн муугаар хэлүүлэх шалтаг болсон.
Өмнө нь болж өнгөрсөн чуулган шуугиан дэгдээж, оросуудын дургүйцлийг төрүүлсэн ч чечень үндэстний конгресс өнөөдөр Варшав хотноо эхэллээ. Конгрессыг үндэслэгч, Чеченчүүдийн холбооны тэргүүн Дени Тепс “Gazeta Wyborcza”-д өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн тавдугаар сард чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байсан.
Польшийн Ерөнхийлөгч агсан Лех Качиньский Смоленскт осолдсонтой холбогдуулан уг арга хэмжээг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм” хэмээжээ. Энэ хуралд ОХУ, АНУ, Баруун Европ, Ойрхи Дорнод, Латин Америкийн орнуудаас 200 гаруй зочин төлөөлөгч, мөн Чеченээс ахмад дайчин, шашны зүтгэлтэн зэрэг 2000 хүн оролцож байна.
Чечень үндэстний эв нэгдлийг бэхжүүлж, тэдний ашиг сонирхлыг олон улсын тавцанд гаргаж хэлэлцэх зорилготой уг Конгресст Чеченийн Тэргүүн Рамзан Кадыров оролцохгүй гэсэн яриа чих дэлсэв. “Бид Грозный дахь “бууны нохдыг” зориуд уриагүй.
ОХУ-ын Засгийн газрын бодлогыг дэмжин, үндэстний нэрийг ашиглаж элдэв халдлага зохион байгуулдаг Рамзан Кадыров тэргүүтэй нөхөд энд ирээд юу ч ярихав дээ” гэж Д.Тепс тайлбарлалаа. Польшид болж буй энэ удаагийн чуулганаар жил ирэх тусам улам лавширч байгаа ОросЧеченийн зөрчил Кавказ, Орос болон Европыг түгшээх болсныг онцгойлон хэлэлцэх аж.
Мөн сүүлийн жилүүдэд Кавказад эрс ихэссэн гэмт хэрэг, зэвсэгт мөргөлдөөний шалтгааныг тодорхойлж, зөвхөн 2008 оноос хойш сураггүй алга болсон 2800 хүний хувь заяаг хэрхэх талаар зөвлөлдөх юм.
ОРОСУУД ЯАГААД ДУРГҮЙЛХЭВ
2000 онд Копенгагенд болсон Чечень үндэстний Конгрессын үеэр ОХУ-ын Засгийн газар хуралд оролцож байсан Ахмед Закаевыг баривчлан шуугиан дэгдээж байсан билээ. Энэ удаад ч “террорист” үндэстний төр, нийгмийн зүтгэлтнүүд нэг дор цуглахыг оросууд төдийлэн сайшаахгүй байна.
Польшид сууж буй Оросын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Александр Алексеев энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэв. “Иймэрхүү арга хэмжээ их аюултай гэдгийг польшууд мэдэж л баймаар юм.
ОХУ террористуудтай тэмцэж байгаа. Гэтэл иймэрхүү хурал цуглааны үеэр хорлон сүйтгэх, алан хядах ажиллагаа гарахыг хэн ч үгүйсгэхгүй. Мөн алан хядах ажиллагаа зохион байгуулж байсан гэдэг нь тогтоогдсон А.Закаев ч тэнд байлцах нь” гэж тэрбээр өгүүлэв.
Польшийн Гадаад хэргийн сайд Марцин Боцаски уг хурлын үеэр ямар нэгэн үймээн гаргахгүй талаар анхаарч, арга хэмжээ авч буйгаа хариуд нь мэдэгджээ. 1990, 2000 онд салан тусгаарлахын төлөө дайн дэгдээснээр чеченчүүд Дагестан, Осети, Кабардин-Балкар зэрэг үндэстнийг нойрноос нь сэрээж, умард Кавказад бараг өдөр бүр гарах болсон зэвсэгт мөргөлдөөний суурийг тавьсан.
Газрын тосоор баян, үржил шимтэй газар нутагтай, хүний эрхэнд орох дургүй уулынхан ингэж нэгдэж, бүр өөрийн гэсэн Конгресс байгуулаад байгаа нь оросуудын хувьд бас л нэг аюулын хэнгэрэг дэлдэлт юм. Ийм ч учраас оросууд Польшид эмх замбараагүй байдал үүсэх вий гэж сэрэмжилж буй хэрэг.
Чеченчүүд ч яахав, чуулдгаараа чуулна л биз. Харин тэднийг өөгшүүлж байгаа Польштой ОХУ ямар тооцоо бодох бол. Өөрийг нь үл тоомсорлож, ар хударгаар нь Конгресс зохион байгуулсан нутаг нэгтнүүддээ Рамзан Кадыров хэрхэн хандах вэ.
Х.ОДОНЧИМЭГ