Медведев Хятадтай тогтоосон харилцааг стратегийн түншлэл хэмээн тодотгож байна. Оросын Ерөнхийлөгч тус улстай тогтоосон стратегийн түншлэлийг бэхжүүлж, байгалийн хийг Оросын тал хүлээн авахуйц үнээр нийлүүлэх талаар хэлэлцэн тохиролцохоор ням гаригт айлчлалаар ирээд буй юм гэж ВВС мэдээллээ. Орос улс өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Дорнод Сибирийн Тайшетаас Амар мужийн Сковородиногийн терминал хүртэл болон Хятадын хилийг хүртэлх нефть дамжуулах хоолой тавьж дуусгасан юм.
Уг хоолойн хилийн Мохэ цэгээс Дацин хот хүртэлх хэсгийн нээлтийн ёслолд оролцоно уу хэмээн Медведевийг урьжээ. Уг нефть дамжуулах хоолой нүүрс устөрөгч экспортлох ажлыг идэвхжүүлэх гэсэн Оросын хүч чармайлтын нэг хэсэг гэж хэлж бас болно. Москва Хятадын улам бүр хөгжиж буй зах зээлд байгалийн хий нийлүүлэхийг хүсэж байгаа ч үнэ мөнгөө тохирч чадахгүй хэдэн жил болж байгаа билээ. Байгалийн хийн дэлхийн үнэ унасан нь Оросын байр суурийг сулруулж, Хятад улс өөр эх булгаас байгалийн хий худалдаж авахад хүргэсэн.
Медведевийн Хятадад хийж буй айлчлалын явцад ирээдүйн хэлэлцээний үндэс болох баримт бичгүүдэд гарын үсэг зурах тухай Оросын “Газпром” компани мэдээлж байна. “ЯПОНЫ ЭСРЭГ АЖИЛЛАГАА” Д.Медведев Хятадад гурван өдөр айлчлах эхний өдрөө Далянь хотод зочиллоо. Люйшуны районд Хятадын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь насаа өгсөн Зөвлөлтийн цэргүүдийн дурсгалын цогцолбор байдаг юм гэж Оросын Ерөнхийлөгч Хятадын албан ёсны “Жэньминь Жибао” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Люйшунд 1945 оны дайнаас гадна Японтой хийсэн өөр мөргөлдөөнд амь үрэгдсэн Оросын цэргүүдийг оршуулсан байдаг бөгөөд ХХ зууны эхээр уг хотыг Порт-Артур гэж нэрлэдэг байсан, тэнд 1904-1905 оны Орос, Японы дайны үед урт удаан хугацаатай бүслэлтэд байсан Оросын цэргийн бааз байрлаж байсан түүхтэй юм. Хятад, Японы харилцаа саяхнаас нэлээд хурцдах төлөвтэй болсон. Гэтэл Оросын Төрийн тэргүүн Даляньд зочилж байгаа нь Хятадыг дэмжиж буйн илрэл болж байна хэмээн зарим хэвлэлд бичсэнийг Медведевийн туслах Сергей Приходько няцааж байна. Энэ бол Японы эсрэг ажиллагаа биш гэж С.Приходько хэллээ.
Бидний хувьд Далянь нь манай олон эх орон нэгтэн амь үрэгдсэн газар. Д.Медведев тэнд зочилж байгааг Японы эсрэг ажиллагаа гэж үзэхийг зарим хүн хүсэж байх шиг байна. Энэ бол бодит байдалд нийцэхгүй зүйл. ПортАртурт зочлох асуудлыг жилийн өмнөөс төлөвлөсөн юм гэж тэрбээр нэмж хэлжээ. КҮНЗ ХЭЛСЭН ШИГ…. Д.Медведевийг тэрбумтан Олег Дерипаска, Виктор Вексельберг нар дагалдан явж байна.
О.Дерипаскагийн хяналтад байдаг “Русал” компани Хятадад хөнгөнцагаан их хэмжээгээр нийлүүлдэг. Тус компани энэ оны эхээр өмнө нь хятад хэлтэн улс орнуудын тоглогчид давамгайлдаг байсан Хонконгийн биржид анх удаа хувьцаагаа байршуулж эхэлсэн. Вексельберг “Сколково” санг тэргүүлдэг хүн. Энэхүү сан Калифорнийн цахиурын хөндийн орос хувилбар, эдийн засгийн шинэчлэлийн төвийг бий болгох ёстой гэж Кремль ихээхэн найдаж буй юм. Орос, Хятад хоёр улс өнөөдөр адил төстэй олон зорилт шийдвэрлэж, бүх талын өөрчлөлт шинэчлэлийн замаар урагшилж байна гэж Д.Медведев “Жэньминь Жибао” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Тэрбээр мөн “Зам адил бус аваас төлөвлөгө хамтран зохиож болдоггүй” гэж Күнз айлдсан байдаг хэмээн нэмж хэлсэн байна. Д.Медведев маргааш Шанхайд болж буй Дэлхийн үзэсгэлэнд Орос улсын ололт, амжилтыг төлөөлж буй асарт зочилно. ЗӨРҮҮТЭЙ ҮНЭ Оросын Ерөнхийлөгч өчигдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао, Бүх Хятадын Ардын хурлын төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга У Бангу нартай өнөөдөр уулзана. Тэд Кыргызийн тогтворгүй байдал, Солонгосын хойг хийгээд Ираны цөмийн асуудал гээд хоёр талын сэтгэл зовоож буй олон улсын янз бүрийн асуудал хэлэлцэнэ.
Гэвч эдийн засгийн асуудал Оросын Төрийн тэргүүний санааг бас зовоож байгаа. Хоёр талын худалдааны хэмжээ энэ оны эхний хагас жилд 25.5 тэрбум долларт хүрсэн байна. Энэ нь 2009 оны мөн үетэй харьцуулахад 56.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд оны эцэс гэхэд 2008 оны хямралын өмнөх түвшинд хүрэх боломжтой гэж үзэж байна. Тухайн үед бараа эргэлт 55.9 тэрбум доллар байсан юм.
Олон хөгжингүй орны нэг адил Хятадад экспортолж буй Оросын бараа бүтээгдэхүүний үнэ Хятадаас Орос улсад гаргаж байгаа бараа бүтээгдэхүүнээс доогуур үнэтэй байдаг. Оросын нефть, төмөрлөгийн үнэ өсөөд өсөөд Хятадын бэлэн бүтээгдэхүүн, өргөн хэрэгцээний барааны үнийг гүйцдэггүй.
Энэ оны эхний улиралд 2009 оны эхний улирлынхтай харьцуулахад үнийн зөрүү 0.4 тэрбум доллараар нэмэгдсэн тухай Оросын “Коммерсант” сонинд өнгөрсөн зургадугаар сард бичиж байсан юм.
Б.БУЯНЦОГ