Польшийн Ерөнхийлөгч асан Лех Качиньскийн сууж явсан онгоц ОХУ-ын Смоленск хотын ойролцоо осолдож, тэрбээр гэр бүлийн хамт амь үрэгдсэн билээ. Онгоцны ослын шалтгааныг тодруулах мөрдөн байцаах ажил явуулсан хавтаст хэргийг Оросын тал польшуудад шилжүүлээд хоёр сар өнгөрөв.
Энэ хугацаанд шинэ Ерөнхийлөгчөө сонгож, төрөө тохинуулсан польшууд Лех Качиньскийн үхэлд ОХУ-ыг буруутгаж буйгаа мэдэгдлээ. Түүний сууж явсан Ту-154 онгоцыг хүлээж авах боломжгүй байсан бол Смоленск хотын нисэх буудлынхан энэ тухайгаа онгоцны багийн гишүүдэд мэдэгдэх ёстой байсан гэж польшууд үзэж байгаа аж.
Мөн ослоос амьд үлдсэн сэтгүүлч хэрэг явдлын дараа амь насаа алдсан, ослын газар дээр гэрчийн хийсэн дүрс бичлэг гээд эргэлзээ төрүүлэх зүйл олон байгаа. Польшийг, цаашлаад Европыг донсолгосон энэ осол зохион байгуулалттай аллага байх магадлалтай гэж Польшийн хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Мөн энэ хэргийн нарийн учрыг тодруулахаар судлаач, шинжээч, чөлөөт сэтгүүлчдээс бүрдсэн баг ажиллуулахаа ч тус улсын Засгийн газар амлажээ. Оросын тал харин энэ тухай ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.