Ерөнхийлөгч Д.Медведев итгэл алдсантай нь холбогдуулан Москва хотын дарга Юрий Лужковыг огцрууллаа. Оросын “Эрх чөлөө” радио станц өчигдөр өглөө энэ тухай мэдээлэв. Ерөнхийлөгч Д.Медведев Юрий Лужковын нэгдүгээр орлогч Владимир Ресинийг хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Кремлийн хэвлэлийн алба мөн өдөр ингэж мэдээллээ.
В. Ресин 1936 онд Минскт төрсөн. Москвагийн Уул уурхайн дээд сургууль төгссөн. Эдийн засгийн ухааны доктор, профессор. 1974 оноос Москва хотын барилгын салбарт удирдах ажил хийж эхэлсэн. 1991 оноос Ерөнхий сайдын орлогч, Москвагийн Засгийн газрын сайд, 1992 оноос Москва хотын Засгийн газрын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор ажилласан.
2000 оны нэгдүгээр сараас Москва хотын Засгийн газрын нэгдүгээр орлогчоор дахин томилогдож, уран барилга, барилга байгуулалт, хөгжил, хотын сэргээн шинэчлэлтийн цогцолборыг удирдан ажилласан. ЗСБНХУ, ОХУ-ын төрийн хэд хэдэн удаагийн шагналт, ОХУ-ын гавьяат барилгачин. Эхнэр, охинтой. Ерөнхийлөгч гарын үсэг зурсан өдрөөс зарлиг хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.
Юрий Лужков хотын даргын албан тушаалтай хэвээр байсан сүүлчийн өдрийн ажлаа өглөөний долоон цагт эхэлжээ. Хотын захиргаа чердийн байдлаар ажиллаж байж. Гэтэл хэдэн минутын дараа огцрох тухай мэдээ ирсэн байна. Огцорсон хотын даргатай ойрын үед уулзах бодолгүй байна гэж Ерөнхийлөгч мэдэгджээ. Тэгвэл “Нэгдсэн Орос” нам хотын даргын албан тушаалд дэвшигчдийн жагсаалтыг гаргахаар бэлтгэж эхэлсэн байна.
Нийслэл хотын дарга албан тушаалаасаа огцорч байгаа талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова тайлбар хийжээ. Долоо хоног амарч ирээд хотын даргын албаа сайн дураар өгөхийг түүнд санал болгосон юм гэж тэр хэлсэн байна.
Ерөнхийлөгчид хүсэлтээ гаргаж сайн дураараа, эсвэл Ерөнхийлөгчийн итгэлийг хөсөрдүүлсэн гэх нэлээд хатуу чанга томъёоллоор бүс нутгийн тэргүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох хоёр хувилбар ОХУ-д байдаг. Албан тушаалаасаа огцрох бодолгүй байна хэмээн мэдэгдэж байсан Юрий Лужковын хувьд сүүлчийнхээр нь болжээ. Ю.Лужков “Нэгдсэн Орос” намаас гарах өргөдөл бичсэн тухай тус намын удирдлага мэдээллээв