Хятадын нэгэн тосгонд хоёр хөл дээрээ явдаг гахай байдаг тухай “Telegraph” өчигдөр мэдээллээ. 10 сартай гахайг тосгоныхон нь Зу Жиансиан буюу “Хатуужилтай гахай” хочоор нь анддаггүй. Хоёр хөлтэй төрсөн Зу Жиансиан тэнцвэрээ түвэггүй олдог болсон байна. Энэ тухайд түүний эзэн Ван Сихаи “Энэ оны нэгдүгээр сард гахай маань зулзагалж, есөн торой төрүүлсний нэг нь Зу Жиансиан.
Бусад торой хэвийн төрсөн тул эхнэр минь түүнд илт зэвүүцэж байсан. Харин би түүнд “Энэ чинь амьдрал шүү. Юутай ч энэ торойнд боломж олгох хэрэгтэй” гэж билээ. Өрөвдөлтэй бяцхан торойндоо туслахын тулд би өдөр бүр дасгал хийлгэдэг байсан.
Дасгал хийж эхэлснээс 30 хоногийн дараа л тэр явдаг болсон. Одоо бол тун сайн явж байгаа” гэжээ. Өдгөө 50 кг татаж байгаа гахайг циркийнхэн авах санал тавьсан боловч ноён Ван татгалзсан гэнэ. Эл шийдвэрээ тэр “Амьдралд ямар ч бэрхшээл тулгарсан түүнийг давах боломж байдаг юм гэдгийг тэр баталсан. Тиймээс би ямар ч өндөр үнэ амласан ч гахайгаа зарахгүй” хэмээн ярьсан байна.