Орос, Хятадын харил цааны “тотгор” болсон Курилийн арлуудыг тойрсон маргаан дахин дэгдлээ. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, фашизмын эсрэг нэгдэж тэмцсэн орнууд “Ялтын гэрээ”-г байгуулсан билээ. Уг гэрээний дагуу Сахалины өмнөд хэсэг, мөн Курилийн арлууд тэр үеийн ЗСБНХУ-ын мэдэлд шилжсэн. Тэр үеэс л Итуруп, Кунашир, Шикотан болон Хабомаи арлууд хэнд үлдэх талаар ЗХУ, Япон хоёр маргалдаж эхэлжээ. 1945 оны “Потсдамскийн деклараци”-д Наран улсын газар нутгийн заагийг Хонсю, Хоккайдо, Кюсю, Сикоку арлаар тогтоосон байна.
Гэсэн ч Японы тал дээрх дөрвөн арлаа өгөөгүй гэж, Орос уг газар нутаг Курилийн арлуудын нэг хэсэг хэмээн гүрийсээр шинэ зууны босгыг алхав. Өнгөрсөн сарын 29- нд ОХУ-ын Ерөнхийлөгч Димитрий Медведев Курилийн арлуудад ойрын хугацаанд очиж, бүс нутгийн хөгжил, оршин суугчдын амьдралтай танилцах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Харин Японы Гадаад хэргийн сайд Сэйдзи Маэхара Д.Медведев тэнд айлчлах эрхгүй болохыг анхааруулав. ОХУ-ын өндөр албан тушаалтнууд өмнө нь тэнд ирж байсныг тэрбээр дурдаад, хэрэв Ерөнхийлөгч нь айлчилбал асуудал өөрөөр эргэнэ гэдгийг онцолжээ.
Мөн Димитрий Медведевийн хийх айлчлал Орос-Японы харилцаанд хагарал үүсгэж, олон улсын түвшинд хэлцэгдэх зөрчилд хүрч болзошгүй хэмээн Мосвкад суугаа Японы Элчин сайд өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байсан. ОХУ-ын төрийн ДУМ-ын гишүүд болон зарим судлаачид “Курилийн асуудлыг” сөхөх тоолонд Япон өөрийн байрь сууриа тулгаж байна хэмээн гомдоллосон тухай хэвлэлүүд мэдээлж байна. Номхон далайн гарц болсон эдгээр арлуудыг Японд өгөхийг хүсдэггүй Д. Медведевийн айлчлал Орос-Японы хамтын ажиллагаанд “шавар хаадаг” газар нутгийн маргааныг улам лавшруулна. Японы тал үгнээсээ няцах бодолгүй байгаагаа удаа дараа илэрхийлэв. Хэн нь хэндээ буулт хийх нь тодорхойгүй байгаа хоёр их гүрний маргаан даамжирвал АНУ, Хятад, Европын холбоо ч энэ хэрэгт хошуу дүрж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.