Сүүлийн арав гаруй жилийн турш “Microsoft”-ын Internet Explorer вэб хөтөч дэлхий нийтэд ноёрхож байсан. Гэвч вэб шинжээч пүүсийн гаргасан судалгаагаар энэ нь тийм ч удаан насгүй болох нь тогтоогджээ. Интернэт өгөгдлийг судалдаг “StatCounter” компани Internet Explorer-ийн вэб хөтчийн зах зээлд эзлэх хувь өнгөрсөн сард 49.9 болтлоо буурсан гэжээ.
Зарим хүн түүнийг хэрэглэсээр байгаа ч бусад хөтчийн зах зээлийн нийт хувь өдгөө Internet Explorer-ийг хэдийнэ гүйцсэн хэмээн “CNN” мэдээллээ. Нэгэнтээ “Microsoft” нь Windows үйлдлийн систем бүхий компьютерүүдэд Internet Explorer хөтчийг суурилуулж, вэб хөтчийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлж байсан.
Харин Mozilla-гийн Firefox, Google-ийн Chrome, Apple-ийн Safari зэрэг вэб хөтчүүд илүү боловсронгуй болсноор түүний эзлэх зах зээлийн хувиас “мэрж” эхэлжээ. Тиймээс Internet Explorer-ийн хэрэглээ сүүлийн хэдэн жилийн туршид тасралтгүй буурч байсан юм.
“Энэ бол интернэт хөтчүүдийн дайны түүхэнд хамгийн чухал үе” хэмээн “StatCounter”-ийн захирал Эүдхен Куллен хэлээд “хоёр жилийн өмнө Internet Explorer дэлхийн зах зээлийн 67 хувийг эзэлж байсан” гэжээ. Харин “Microsoft” үүнд ямар нэг тайлбар хийгээгүй байна.
Түүний зах зээлийн хувь огцом унаж байгаа тул Microsoft өрсөлдөгчдийнхөө хийсэн өөрчлөлт, шинэчлэлтийг өөрийн бүтээгдэхүүнд ч тусгаж эхэлжээ. Туршилтын журмаар хэрэглэгдэж буй Internet Explorer 9 нь HTML5 хэмээх шинэ вэб стандартыг мөрдөж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ