“Том Жерри хоёр”, “Жеймс Бонд” зэрэг хүн бүхний ой тойнд шингэсэн олон кино бүтээсэн “Metro-Goldwyn-Mayer” (MGM) компани дампуурлын ирмэгт иржээ. Тус компанийн удирдлага дампуурлын тухай өргөдлөө шүүхэд өгч, шинэ компани байгуулах шийдвэр гаргасныг “Ройтер” агентлаг өнгөрсөн бямба гаригт мэдээлэв. MGM эдүгээ дөрвөн тэрбум долларын өртэй аж.
Төлөвлөгөө ёсоор дампуурлын өргөдлийг нааштай хүлээж авах юм бол зээлдүүлэгчдэдээ шинээр байгуулах компанийнхаа хувьцааны 95.3 хувийг өгч, өрнөөсөө салах юм байна. Харин шинэ компани нь хэний мэдэлд байх бол? MGM-ын удирдлага Америкийн “Spyglass Entertainment” компанийн дор шинэ аж ахуйн нэгжээ байгуулах хувилбар дэвшүүлжээ.
Харин Канадын “Lions Gate” студи тус компанийг өөрийн болгохын тулд байдгаараа чармайж байгаа юм. Өмнө нь Энэтхэгийн “Sahara India Pariwar” компани MGM-ыг хоёр тэрбум доллараар худалдаж авах санал тавьж байсан ч хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрөөгүй ажээ.
Д.МӨНХ