“Иргэн бүрийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг эрхэмлэн ажиллана” хэмээн Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссефф ард түмэндээ хандаж хэллээ. Өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад тэрбээр 55.59 хувийн санал авч ялалт байгуулжээ.
Найман жил Ерөнхийлөгчийн алба хашсан Луис Инасиу Лула да Силвагийн удирдлага дор ажиллаж байсан Дилма Руссефф эхний шатны санал хураалтад бусдыгаа хошуучилсан ч 50 хувийн босгыг давж чадаагүй юм. Хөдөлмөрчдийн намаас нэр дэвшсэн тэрбээр өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан.
Тэрбээр “Хөдөө аж ахуйн салбарт шинэчлэл хийн, арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэж, цаазаар авах ялыг халахын төлөө хичээж ажиллана” хэмээн тангараг өргөх ёслол дээр онцлон өгүүллээ. Мөн Ерөнхийлөгч асан Лула да Силвад талархаж явдгаа илэрхийлээд түүний хийсэн эдийн засгийн шинэчлэлтийг үргэлжлүүлнэ гэдгээ амласан юм.