АНУ-ын Сенат, Конгрессын зарим гишүүдийг сонгох завсрын сонгууль өндөрлөж, саналаа тоолж эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар Сенатын 100 гишүүний 37, Конгрессын 435 гишүүний 100, мөн 37 мужийн амбан захирагчийг сонгох юм. Урьдчилсан дүнгээр Конгрессын доод танхимд бүгд найрамдахчууд дийлэнх суудлыг авч, Ардчилсан намынхан Сена тад олонх хэвээрээ үлджээ.
Тус улсын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хэмээгдсэн эл сонгуулийн үеэр Ардчилсан нам болон Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүнд буурсан нь ажиглагдсан тухай улс төрийн тоймчид онцолж байна. Ардчилсан намынхан энэ сонгуулиар өмнөх амжилтаа давтаж чадаагүйг олон янзаар тайлбарлав.
Эдийн засгийн хямралаас гарах дорвитой арга хэмжээ авахгүй байгаа, мөн Барак Обама мөрийн хөтөлбөрөө хагас дутуу хэрэгжүүлж байгаа нь олны сэтгэлд нийцэхг үй байгаа гэнэ. Ж.Бушийн Засгийн газрыг шүүмжилж байсан америкчууд шинэ төрийн тэргүүнээсээ хэтэрхий их зүйл хүсэж, найдлага тавьсан нь талаар өнгөрч байна гэх хүмүүс олширчээ.
СОНГУУЛИЙН ҮНЭ
Ардчилсан нам, Бүгд найрамдах намын сонгуульд зарцуулсан хөрөнгө нийтдээ 3.5 тэрбум доллар давсан тухай мэдээлэл байна. Пүүс, компани, хувь хүмүүс өөрийн дэмжсэн намаа санхүүжүүлж, тэр их хөрөнгийг юунд зарцуулж буйг нууцлах эрхийг АНУ-ын Дээд шүүх олгосон билээ. Орон сууц, ажил, тогтвортой байдлаа чухалчилдаг америкчууд Б.Обамагийн эхэлсэн шинэчлэлийн бодлогыг бүгд найрамдахчууд тасалдуулахаас болгоомжилсон бололтой.
Кампанит ажил, сур талчилгаанд хувь хүмүүс, компаниуд идэвхтэй оролцож, санхүүжүүлэх нь ихэссэн тухай хэвлэлүүдэд бичсэн. Ажилгүйдэл ихсэж, эдийн засаг тогтворгүй байгаа энэ үед сонгуульд хэтэрхий их мөнгө зарж байна гэж жирийн иргэд дургүйцэж байгаа юм. “Wall street journal” сэтгүүлээс хийсэн судалгааны дүнд арван хүний долоо нь Засгийн газрын зарлага хэт их байна хэмээн үзэж буй нь тогтоогджээ.
БАРАК ОБАМА БҮГД НАЙРАМДАХЧУУДТАЙ ГАР НИЙЛЖ АЖИЛЛАНА
Төлөөлөгчдийн танхимын ихэнх суудлаа алдсан ч Сенатад олонх хэвээрээ үлдсэн Ардчилсан намыг төлөөлөн Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намын тэргүүн Бонер болон Макконнел нарт утсаар баяр хүргэжээ. Тэрбээр “АНУын ирээдүй, ард олныхоо төлөө бид зөвшилцөлд хүрч хамтран ажиллаж чадна хэмээн найдаж байна”гэж өгүүлсэн байна. Улс төрийн нэг нам олонхийн суудал эзэлбэл тэдэнд тавих хяналт суларч засгийн бодлого хазайна гэж үздэг.
Ардчилсан нам одоо бодлогоо хэрэгжүүлэхэд Бүгд найрамдах намын зүгээс үзүүлэх саад тотгортой тулгарна. Гэвч харилцан ойлголцож ажиллаж чадвал эдийн засгийн өсөлт сайжирна хэмээн судлаачид таамаглаж байгаа. Нөгөө талаас Сенатад олонх болж чадаагүй ч бүгд найрамдахчуудын нөлөө ихсэж, энэ нь Б.Обамагийн Засгийн газарт үр дүнтэй, шуурхай ажиллахад хөшүүрэг болно гэж ярьж байгаа юм. Юутай ч чармайн ажиллахгүй бол дараагийн удаа ялалт байгуулж чадахгүй гэдгийг энэ удаагийн сонгууль Б.Обамад хатуу анхааруулав.