НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот шийдвэрээр НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн жил тутам дүгнэн хэлэлцэх зорилготой “Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг” хэмээх шинэ механизмыг бий болгосон билээ. Шийдвэр ёсоор энэ сарын 2-нд Швейцарын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн IX хуралдаанд Монгол Улсын Засгийн газар улсынхаа хүний эрхийн төлөв байдлыг танилцуулж, дүгнүүлэв. Хуралдаанд оролцогч улсуудаас Хүний эрхийн зөвлөлийн гишүүн 24, ажиглагч 19, нийт 43 улсын төлөөлөгч цаазаар авах ялыг халах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд болон алслагдсан нутаг дахь малчдын эрхийг хамгаалах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зэрэг олон чухал асуудлыг хөндөн Монгол Улсын Засгийн газарт асуулга тавилаа.
Тухайлбал, цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг гишүүн бүх улс сайшааж, ойрын хугацаанд цаазаар авах ялыг бүрмөсөн халахыг зөвлөлөө. Монгол Улс НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсон хэдий ч гэрээний хэрэгжилтийн талаар бодит мэдээлэлд тулгуурласан, үнэлгээ дүгнэлт бүхий тайлан илтгэлээ цаг тухайд нь ирүүлэхгүй байгааг тэмдэглэж, цаашид анхаарч ажиллахыг сануулсан.
Түүнчлэн, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протокол, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенц, Хүчээр сураггүй алга болгохын эсрэг конвенц, Дүрвэгсдийн конвенц зэрэгт нэгдэж орохыг зөвлөв. Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улс сайшаасан ч Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн үр нөлөөг дээшлүүлэх, хэрэгжилтэд мониторинг хийх, Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, Үндсэн хуулийн цэцэд хувь хүний гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн орчин бий болгох талаар ажиллахыг сануулсан юм.
Тус хэлэлцүүлэг асуулт хариултын журмаар явагдсан бөгөөд Монголын Засгийн газрын гишүүдийн тайлан илтгэлийг хянахаар манай зарим ТББ-ын төлөөлөгчид Женев явсан талаар манай сонин мэдээлж байсан билээ. Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр улс орнуудын тавьсан асуултад Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн өгсөн зарим хариулттай иргэ ний нийгмийнхэн санал нийлэх гүй байгаа аж.
Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйч үү дийн оролцоо бага байгаа нь сонгогчдын буруу мэтээр тайлбарлаж, нийгэм дэх эмэгтэйч үүдийг ялгаварлан гадуурхах хандлагыг өөгшүүлж, энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газар олон улсын хам тын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүр гээсээ зайлсхийсэн мэдэгдэл хийснийг тэд буруушааж байна. Мөн бэлгийн цөөнхийн эсрэг цагдаа, хууль сахиулах байгууллагаас үзүүлж буй дарамт, хавчлагын талаар албан ёсны мэдээ баримт байхгүй гэсэн шалтгаанаар асуудлыг үгүйсгэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд шүүмжлэлтэй ханджээ. Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хамгаалж чадахгүй байгаа шалтгаанаа байгалийн гамшиг, цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарласан нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас үүсч буй хүний эрхийн зөрчлүүдийг үгүйсгэсэн, төр өөрийн хүлээсэн үүргээ туйлын хангалтгүй биелүүлж байгаагаа хаацайлсан мэдэгдэл болжээ гэж ТББ-ын төлөөлөгчид үзжээ.
2008 оны долдугаар сарын 1-ний явдал НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлийн анхаарлыг татсан нь мэдээж. Манай Засгийн газраас долдугаар сарын 1-ний үеэр амиа алдсан иргэдийн хэргийг мөрдөн шалгах үйл явцын талаарх асуултад хариулахдаа хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэмээн хариулт өгсөн нь үнэнд үл нийцэх зүйл боллоо хэмээн ТББ-ын төлөөлөгчид мэдээллээ. Ямар ч гэсэн НҮБ Монгол Улс дахь Хүний эрхийн талаар Засгийн газрынх нь илтгэл тайланг сонсож, анхааруулга, зөвлөгөө хослуулан өгчээ. Харин Засгийн газар маань НҮБ-д өгсөн амлалт, хүлээсэн үүргүүдээ хэрхэн биелүүлэхийг харж л сууя.