Хорватын сэтгүүлч Иво Пуканичийн машинд тэсрэх бөмбөг тавьж амь насыг нь хөнөөсөн зургаан хэрэгтнийг шүүх ажиллагаа өндөрлөжээ. Гэмт хэргийн талаар дуулиант нийтлэл бичдэг тэрбээр хоёр жилийн өмнө амиа алдсан юм. Зэвсгийн болон хүний наймааны талаар бичиж, өндөр албан тушаалтнуудын булхайг илчилсэн Иво Пуканичийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдэд 15-40 жилийн ял оноосон байна. Бүтэн жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад хэний захиалгаар, ямар шалтгаанаар сэтгүүлчийг хороосноо тэд хэлээгүй гэнэ.