НҮБ-ын Хөгжлийн программаас United Nations Development Programme (UNDP) 2010 оны Хүн төрөлхтний хөгжлийн индексийг батлан гаргалаа. 1990 оноос эхэлсэн тус индексийг энэ жил 20 дахь удаагаа тодорхойлж байгаа бөгөөд хүн амын наслалт, боловсролын түвшин, бодит орлого гэсэн гурван үндсэн шалгууртай.
Тухайн үндэстний эрүүл мэнд, урт наслалтыг тө рөх үеийн наслах магадлалыг үндэслэн гаргадаг. Боловсрол олох боломж, насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдсан байдлаар нь боловсролын түвшинг, нэг хүнд ногдох ҮНБ-ий хэмжээ болон худалдан авах чадвараар амьдралын түвшинг тогтоодог байна. Энэ гурван үзүүлэлтэд 0-1 оноо өгч, хүний маш өндөр хөгжилтэй орон, өндөр хөгжилтэй, дундаж, сул хөгжилтэй хэмээн дөрөв хуваадаг аж. Энэ жилийн хүний хөгжлийн чансааг Норвеги, Австрали, Шинэ Зеланд, АНУ, Ирланд тэргүүлсэн бол Зимбабве, Конго, Нигер, Бурунди улс “хомоол хамсан” байна.
“Хүний хөгжлийн зам, ард түмний бодит баялаг” сэдэвтэй явагдсан энэ жилийн индекст Монгол Улс дундаж хөгжилтэй орны тоонд орж, 622 оноогоор 100 дугаар байрт бичигджээ. ОХУ 65 дугаар байр, Хятад хүн амын орлогын өсөлтөөрөө суга дэвшиж, 89-д орсон байна. Хүний хөгжлөөр тэргүүлж байгаа Норвегид дундаж наслалт 81, нэг хүнд оногдох ҮНБ жилд 58810 америк доллар байгаа бол Зимбабвед дундаж наслалт 40, нэг хүнд ногдох ҮНБ мянгахан доллар болж байна. Нийт 169 орны индекс гарч, 25 орны талаарх баримт дутуугаас индекс гаргаж чадаагүй гэнэ.
ОХУ, Украин, Беларусь болон Африкийн гурван оронд хүн амын дундаж наслалт буурсан үзүүлэлт гарчээ. Хүний хөгжлийн индексийг тодорхойлохын тулд асар их судалгаа, шинжилгээ хийдэг тул хоёр жил хоцорч гардаг. Тэгэхээр энэ жилийн чансаа 2008 оны тоо баримтад үндэслэсэн гэсэн үг. Тиймээс дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал, сэргээн босголт зэрэг олон асуудал ороогүйгээс энэ жилийн индексийг урьд өмнөхтэй харьцуулж болохгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
М.Сугараа