Өнгөрөгч ням гаригт болсон Мьянмарын парламентын сонгуулийг АНУ, барууны хэвлэлүүд “эргэлзээтэй” хэмээн онцолж байна. Одоогийн байдлаар санал тоолох ажиллагаа явагдаж байгаа ч эрх баригч Цэргийн хунт сонгуульд ялах нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Сөрөг хүчнийхэн эл сонгуулиар тус улсын төр, нийгмийн тогтолцоонд өөрчлөлт гарахгүй.
Учир нь одоогийн эрх баригчдаас өөр ямар нэг улс төрийн хүчин засгийн эрхэнд гарах бололцоогүй гэж мэдэгдсэн билээ. Цэргийн хүчин энэ удаагийн сонгуулийг түүхэн гэж онцлоод, ардчилсан, шударга тогтолцоог бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. 37 нам, эвсэл оролцсон уг сонгуульд тус улсын хүн амын 56 хувь нь саналаа өгсөн байна.
Урьдчилсан байдлаар одоогийн Ерөнхий сайд Тена Саенагийн удирдсан “Үндэсний эв нэгдлийн нам”, “Хөгжил дэвшлийн нам”-ууд олонхийн санал авах төлөвтэй байгаа аж. Сонгуулийн үеэр будлиан гарч, санал дахин өгөх, худалдаж авахаар оролдсоныг илрүүлсэн тухай сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа нь олон улсын ажиглагчид, сэтгүүлчдийг санал хураалтын явцад байлцахыг хориглосон эрх баригчдын сэтгэлд нийцсэнгүй.
АРДЧИЛСАН ҮЗЭЛТНҮҮД СОНГУУЛЬД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОВ
Хорин жилийн өмнө болсон парламентын сонгуульд Ан Су Жин тэргүүтэй ардчилсан үзэлтнүүд ялалт байгуулж байсан. Зүүн өмнөд Азийн энэ улсад ардчилал, эрх чөлөөг тунхаглахаар оролдсоныхоо төлөө тэрбээр сүүлийн 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлж байна. Нобелийн энх тайвны шагналт эл бүсгүйг удахгүй суллах тухай мэдээлэл хэвлэлүүдэд гарчээ.
“Ардчиллын төлөөх үндэсний лиг” намынхан энэ сонгуульд оролцсонгүй. Ард чил - сан үзэлтнүүдийн сонгуулийн кампанит ажилд саад болохын тулд Цэргийн хунт нэлээд хүч гаргаж ажилласан тухай мэдээлэл ч гарч байсан. Тухайлбал, улс төрийн гэмт хэрэгтнийг гишүүнээр элсүүлсэн нам сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон тухай тогтоол гаргаж, мөн гадаад иргэнтэй гэр бүл болсон хүнийг нэрээ дэвшүүлэхийг хоригложээ. (Ан Су Жин Их Британийн иргэн Майк Аристай гэрлэсэн) АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Мьянмарт
болсон сонгуулийг ардчилсан, шударга гэж яавч хэлэхгүй.
Тус улсын ард түмэн үзэл санааны дарангуйлалд автаж, хувь заяагаа шийдэх эрхээ боогдуулсан” гэж мэдэгдсэн бол өөр орнуудад амьдардаг мьянмарчууд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулжээ. 1988 онд төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан Цэргийн хунт эх орноо үзэл бодлын дэглэмд нухлуулсан улс болгосон гэсэн шүүмжлэлд өртдөг. Тэднийг хууль бусаар төр барьж, эрх мэдлээр сүрд үүлэн ард түмнийг дарладаг хэмээн улс орнууд гоочилдог нь нууц биш. АНУ 1997 оноос тус улсад хийх хөрөнгө оруулалтаа зогсоож, 2003 оноос гадаад худалдаа хийхээ больсон.
АНУ, Канад, Европын холбоо ч зор чих зөвшөөрлийг эрс чангат гаж, санхүү, геополитик, цэргийн бодлогын шахалт үзүүлэх болсон юм. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Мьянмарын эрх баригчид ардчилсан сонгууль явуулж, өөр бодлого баримталж эхэлсэн хэмээн харуулах зорилгоор эл жүжгийг тавьж байгаа гэнэ. Ямартай ч “түүхэн” гэж нэрлэгдсэн энэ сонгуулийн дүнд ард олны амьдрал дээрдэж, гаднынхны хандлага өөрчлөгдөхгүй нь бололтой.
Х.ОДОНЧИМЭГ