Италийн Парламентын доод танхимын тэргүүн Жанфранко Фини Сильвио Берлускониг огцрохыг шаардсан нь тус улсын эрх баригчдын дунд шуугиан дэгдээж амжив. Ажиглагчдын үзэж буйгаар энэ шуугиан даамжирч хагаралд ч хүргэж болзошгүй байна. Хошин шогийн мэдрэмжтэй, цэцэн үгтэй Ерөнхий сайд өөрийг нь шүүмжлэгчдийн үгийг наргиа болгон өнгөрөөж чаддаг ч Жанфранко Финигийн анхааруулга нэлээд хатуу тусав бололтой.
2013 онд үүрэг гүйцэтгэх хугацаа нь дуусах Берлусконид Засгийн газар, ард түмэн дургүйцэж эхэлжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн турш дуулиан болоод байгаа Ерөнхий сайдыг огцруулах яриа Руби хэмээх марроко охинтой холбоотой асуудлаас үүдсэн юм. Хулгай хийсэн хэргээр өмнө нь цагдаад баригдаж байсан энэ охиныг Ерөнхий сайдтай амрагийн холбоо той байсан гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарч, тэрбээр өөрөө ч түүнийг няцаагаагүй.
Түүнийг засгийн эрхэнд гарснаас нь хойш дэмжиж ирсэн улс төр, бизнесийн томоохон төлөөлөгчид ч үүнийг буруушаан, нэр төрөө эрхэмлэж ард олны төлөө зүтгэхийг зөвлөж эхэлжээ. Энгийн иргэд ч С.Берлусконид сэтгэл дундуур байгаа бөгөөд эдийн засгийн хямрал, ажилгүйдлийг арилгахын тулд юм хийхгүй байна гэх яриа газар авч байгаа аж. Эрх баригч намын тэргүүлэгчид энэ долоо хоногт багтаж огцруулах асуудлыг хэлэлцэхээ албан ёсоор мэдэгджээ.
Сильвио Берлусконигийн хамтран зүтгэгчид доод танхимын эл саналыг эрс эсэргүүцэж байна. Хэрэв намын удирдлага Ерөнхий сайдыг огцруулах нь зүй гэж үзвэл энэ саналыг Парламентын хуралдаанаар хэлэлцэн санал хураах юм.
Х.ЧИМЭГ