Их Британийн Засгийн газар төсвийн алдагдлаа багасгах зорилгоор 2012 оноос боловсролын салбар дахь санхүүжилтийг 40 хувиар багасгаж, их сургууль, коллежуудын нэг жилийн сургалтын төлбөрийг 9000 фунт болгон нэмэх шийдвэр гаргасан билээ. Эл шийдвэрийг эсэргүүцсэн 50 мянган оюутан Лондонд эсэргүүцэл илэрхийлэн жагсаал зохион байгуулав.
Тэд төв гудамжуудаар явж Төрийн ордны үүдэнд эгнэн зогсож, түүгээр ч барахгүй Консерватив намын төв рүү дайран орсон байна. Их Британийн өнцөг булан бүрээс багш, оюутнууд ирж энэ цуглаанд оролцсон тухай BBC агентлаг мэдээллээ. “Үндэсний оюутны холбоо”-ноос зохион байгуулсан уг цуглаан эхэндээ тайван байсан ч хэсэг хугацааны дараа бүлэг оюутан намын байрны цонхыг хагалан дайран орж цаас шатааж эхэлсэн байна. Хамгаалалтын албаныхны дуудлагаар цагдаа нар ирж цуглааныг тараасан бөгөөд энэ үеэр 13 хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хууль сахиулагчид үймээн дэгдээсэн 33 этгээдийг баривчилсан аж.
Сөүлд болж буй “Их хорь”- ийн уулзалтад оролцож байгаа Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ тухай мэдэгдэхдээ “Эдийн засгийн хямралаас сэргийлэхээр авч байгаа арга хэмжээ нийгмийн бүх давхаргыг хамарна. Төсвийн ажилчдаас эхлээд тэтгэврийнхэнд олгох санхүүжилт багассан. Улс орны ирээдүйг авч явах оюутнууд, багш нар ийнхүү ёс бус авирлаж байгаа нь үнэхээр харамсалтай” гэжээ.
Тус улсад ахин ийм явдал гаргахгүйн тулд зохих арга хэмжээ авч, үймээн дэгдээгчидтэй хариуцлага тооцохоо ч мөн тэрбээр онцлов. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулсан “Үндэсний оюутны холбоо”- ны тэргүүн Аарон Портер тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх гэсэн цуглаан үймээн болон хувирч, олон хүн бэртсэн явдалд харамсаж буйгаа илэрхийлсэн тухай “Sky news” уламжиллаа.
Мөн анархистууд оюутнуудын эгнээнд нэгдсэн байж болзошгүй хэмээн тэрбээр таамаглаж байгаа юм. Лондон хотын захирагч Борис Жонсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэтрүүлэн эдэлж нийгмийн өмч хөрөнгөд халдсан эдгээр иргэнийг шийтгэх хүсэлт тавьж байна.
Х.ОДОНЧИМЭГ