Бразилийн эрхийг барьж буй Хөдөлмөрчдийн намаас нэрийг нь дэвшүүлсэн хатагтай Дилма Вана Руссеф хоёр дахь шатны санал хураалтаар сонгогчдын 56 хувийн санал авснаар Өмнөд Америкийн энэ улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо. Түүнд халаагаа өгөх хүнийг Луис Инасиу Лула да Силва гэдэг.
Эд нэг намын улс. Тиймээс ч Лула өөрөө Дилмаг дэмжиж дээш нь гаргаж ирсэн гэж хэвлэлд бичиж байна. Дилма Болгарын коммунист цагаачийн охин бөгөөд одоо 62 настай, саяхан эмээ болжээ. Эцэг нь улс төрийн хавчлагаас болж 1929 онд эх орноосоо дайжиж Бразилд ирээд томоохон үйлдвэрийн эзний охинтой суусан байна. Хожмоо хуульч мэргэжил эзэмшиж, нэртэй өмгөөлөгч болсон аж.
Эх нь багш байв. Болгарт одоо ч эцгийнх нь талын хамаатнууд байдаг гэсэн. Ерөнхийлөгч болчихвол айлчлан очих орнуудынх нь тоонд Болгар орно гэж Дилма нэг бус удаа мэдэгдэж байсан юм. 1960-1970-аад оны зааг дээр Дилма Бразилд ноёрхож байсан цэргийн дэглэмийн эсрэг зэвсэгт тэмцэлд оролцож, үүний улмаас баривчлагдсан төдийгүй шоронд хүртэл орсон байна.
Засгийн газрын цэргүүдэд баривчлагдахаасаа өмнө Луйза, Ванда, Эстела гэх зэрэг нууц нэрээр ажиллаж, эрх баригчдын хараа хяналтаас нуугдаж байсан аж. Богино үс, өргөн хүрээтэй нарны шилээр нь олон түмэн андахаа байсан түүнийг онц ноцтой оргодол хэмээн эрэн сурвалжилж, хорлон сүйтгэгч Жанна Д’Арк гэж нэрлэж байв. Шоронд гурван жил хоригдохдоо маш хэрцгий эрүү шүүлт ч амсаж байснаа хожим нь дурссан байдаг.
Сэжигтнийг хоёр хавтгай төмрийн завсар хавчин тамладаг энэ эрүү шүүлтийг давж гарсан хүн тун цөөн юм гэсэн. Ийн хал үзэж, халуун чулуу долоож явсан Дилмаг Бразилийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд „төмөр хатагтай” гэж ч нэрлэдэг байна. Төрсөн гэрийнх нь материаллаг хангамж, үүнээс үүдээд сайн сургуульд чамлахааргүй боловсрол эзэмшсэн нь Дилмагийн амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байна.
Тэрбээр эдийн засагч юм. 1960-аад оны төгсгөлөөр марксистуудын бүлгэмд элссэн аж. Энэ бүлгэмийнхэн Бразилд ноёрхож байсан цэргийн дэглэмийг зэвсэгт бослогоор түлхэн унагаах зорилт тавьж байлаа. Марксистууд банк дээрэмдэж, машин хулгайлж, зэвсэг худалдан авч, бөмбөг дэлбэлж байсан гэдэг. Дилма анх баривчлагдахдаа 22 настай байв. Бразилд ардчилсан нийгмийн тогтолцоо бий болоход Дилма албан тушаалын шатаар хурдтай авирлаа. Эхлээд мэдээж, муж улсын түвшнээс гараагаа авав.
Цаашдаа холбооны улсын хэмжээнд очиж Эрчим хүчний сайд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дар гаар ажиллав. Хатагтай Руссеф сайд болоод 2015 он хүртэл хэрэгжүүлэх “Гэрлийг бүгдэд” гэсэн нэртэй хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн нь маш зөв алхам байлаа. Түүний төлөвлөснөөр 2006 он гэхэд Бразилийн 1.4 сая өрх гэрэл цахилгаантай болох ёстой байв. Түүнийг маш хатуу шаардлагатай, эр зоригтой, эрч хүчтэй, даалгасан ажлыг чанд биелүүлдэг хүн гэж бразилчууд үздэг. Энэ нь түүний „загалмайлсан эцэг” гэж хэлж болох Лула да Силватай үлэмж холбоотой. Төрийн албаны босгоор Дилмаг чухамдаа Лула алхуулсан юм.
Тэгээд долоон жил өөрийн гараар бэлтгээд энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд сойж Төрийн тэргүүний суудалд хүргэж буй нь энэ. Лула олон түмэндээ их нэр хүндтэй, бразилчуудын хайрладаг улс төрч байсан нь сонгуулийн дүн Дилмад ашигтай гарахад ихээхэн нөлөөлсөн гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Дилма ч Лулагийн бодлогыг үргэлжлүүлэхээ амлаж буй.
Тэгэхдээ Дилмаг улс төрийн зүтгэлтний хувьд ердөө л „ойсон гэрэл” гэж хэлбэл буруутна. Амьдралын шаардлагаар өмнө нь тавигдсан ямар ч зорилтыг биелүүлж чадахыг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны ажил нь харуулсан байна. Хувь хүний өөрийнх нь нугаршгүй чанар нь ч нөлөөлсөн. Өнгөрсөн онд түүнийг хорт хавдартай хэмээн оношлосон ч, өвчнийг ялж гарсан. Химийн эмчилгээ хийлгэснээс үс нь унасан ч хиймэл үс толгойдоо углачихаад л ажилдаа ороод явчихсан гэдэг.
Дилма Руссеф ялалтын баяртаа сон гогчидтойгоо хамт тэмдэглэхдээ “Бразил хүн өлсөж байгаа цагт бид амрах эрхгүй” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр „20 сая иргэнээ ядуурлын ангалаас татан гаргах нь миний нэн тэргүүний зорилго” гэж онцлон хэлсэн. Дилма Руссеф Бразилийн газрын тосны „Петробас” компанийн удирдах зөвлөлийг тэргүүлж байсны хувьд улс орныхоо далайн эрэг дагуу газраас нефть олборлох томоохон төслийг удирдаж байсан юм.
Тиймээс Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа газрын тосны үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, Бразилийг дэлхийн том 10 экспортлогч орны нэг болгох зорилго тавьжээ. Дилма Руссеф бол бизнесийн зарим салбарт төрийн оролцоог нэмэгдүүлэхийг эрхэмлэдэг хүн. Лула да Силва ч ийм бодлого баримталж байсан. Дилма Вана Руссеф хоёр ч удаа хүнтэй сууж байсан ч одоо ганц бие.
Анхны нөхрөөсөө нэг охинтой болоод 1970 онд хоёр тийш болжээ. Хоёр дахь нөхөртэйгээ 30-аад жил хамт амьдарч байтал тэр нь 1994 онд өөр эмэгтэйтэй холбоотой болсон төдийгүй, тэдний дундаас хүүхэд төрөх дээрээ тулсан байсан учраас тусдаа амьдрах болж, 2000 онд гэрлэлтээ цуцлуулсан. Бразилийн шинэ Ерөнхийлөгч түүх сонирхдог, дуурийн урлагт дуртай. Хатагтай Дилма түргэн ааштай гэдгээрээ алдартай нэгэн. Аймшигт өвчнийг ялан дийлж, амьд үлдсэн түүнийг одоо ядууралтай тэмцэх том „дайн” хүлээж байна.
Хүнийг өнгөтэй өөдтэй явахад хараар будахыг оролдох нь элбэг байдаг хойно Дилмаг бүх төрлийн буу зэвсэг эзэмшиж чаддаг, аллага хядлагад оролцож байсан гэх хүн байдаг ч, бусдын аминд хүрч байгаагүй гэж тэр өөрөө хэлдэг. Харин эрх мэдэлтнүүдийн хөрөнгө хогшилд халдах ажиллагааг зохион байгуулалцаж явснаа нуудаггүй.
Лула да Силва „Цэргийн дэглэмийн эсрэг тэмцэж байснаас өөр хүлцэл өчих юм түүний амьдралд байхгүй. Амьдрал нь надад Нельсон Манделаг санагдуулдаг” гэж хэлсэн байдаг. Энэхүү Лула да Силва бол энэ онд албаа орхиж буй Өмнөд Америкийн гурван Ерөнхийлөгчийн нэг нь. Тэрбээр хоёр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад хуулийн дагуу арга буюу Төрийн тэргүүний суудлыг өгч буй юм.
Р.Жаргалант