Францын Ерөнхийлөгч Николя Саркози Ерөнхий сайд Франсуа Фийон болон Сайд нарын танхимыг огцруулах өргөдөлд гарын үсэг зуржээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт хийх цаг болсныг өнгөрсөн гуравдугаар сараас Ерөнхийл өгч ярьж эхэлсэн. Эрх баригчид, сайд улсын төсвөөс хувьдаа завших, албан тушаалаа ашиглан хууль завхруулах явдалтай идэвхтэй тэмцэнэ гэдгээ зарласан Ерөнхийлөгч ийнхүү арга хэмжээ авч байна.
Зүүний либераль намын “Либерасьон” сонины редакцаас хийсэн судалгаанаас харахад төрийн түшээд авилга, хээл хахуульд орооцолддог гэж тус улсын хүн амын 60 хувь нь үздэг байна. 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй Николя Саркозид ард олны итгэлийг хүлээх нь маш чухал. Тэтгэврийн шинэчлэлийн хуулиас болж түүний нэр хүнд унаад байгаа энэ үед авли гад идэгдсэн Засгийн газрыг шинэчилж байгаа нь нөхцөл байдлыг өөрчилнө гэж тэрбээр тооцоолсон бололтой.
Сайд нарын танхимын шинэ бүрэлдэхүүнд эрх баригч “Ард түмний хөдөлгөөний төлөөх эвсэл” намын гишүүд зонхилно хэмээн ажиглагчид үзэж байна. Харин 2007 оноос Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Франсуа Фийоныг албан тушаалд нь үлдээж магадгүй байна. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Елисейн ордонд хэлэлцэж байгаа бөгөөд ойрын хугацаанд шинэ сайд нарын нэрийг нийтэд зарлах аж.
Х.ОДОНЧИМЭГ