
Монгол Улс бол дэлхийд эртний түүхтэй бөгөөд уламжлалт нүүдлийн соёл, унаган байгалийн төрхөө хадгалсан цөөхөн улс үндэстний нэг. Хүн амын 2019 оны тоогоор 3.3 сая хүнтэй, хүн амын 38 хувийг 0-18 насны хүүхэд бүрдүүлж байгаа онцлогтой залуу улс гүрэн билээ. “Nation branding” нь XXI зуунд дэлхийн улс орнуудын хөгжилд шинэ тутам, гэхдээ чухал ач холбогдолтой, үгүйсгэж боломгүй асуудал юм. Хөгжилтэй улс орнууд үндэстэн брэндийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж буй. Харин манай улсад Үндэсний брэндийн бодлогын зөвлөл 2017 онд байгуулж, улс орны имиж төрхөд анхаарахыг хичээж байгаа ч онол, практикийн хувьд учир дутагдалтай байна. Үндэсний брэндийн зөвлөл гэхээр national branding гэх буюу зөвхөн улс дотроо, үндэснийхээ хэмжээнд брэндингийн асуудлыг хөндөх юм шиг ойлгогдоно. Тодруулж хэлбэл, брэнд нь local brand, national brand, regional brand, international brand, global brand гэх зэргээр хөгжлийн шатыг дамжих тул манай улсын байгуулсан Үндэсний брэндийн бодлогын зөвлөл нь хамрах хүрээний хувьд хязгаарлагдмал учраас улс орныхоо хэмжээнд л явцуу үйл ажиллагаа явуулахад хүргэж байна. Харин Nation branding гэдэг бол зөвхөн аль нэг салбарт брэнд бүтээх тухай явцуу асуудал биш юм.
Монгол Улс үндэстэн брэндийн нэгдсэн бодлого зохицуулалтгүй байна. Энэ бодлого манай улсын гадаад харилцаа, түүх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хүн ам зүй, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбар хоорондын зохицуулалтыг хангасан, нэгдсэн удирдлагад зангидсан, ухаалаг байх учиртай. Бид олон улсад яаж ялгарах вэ, манай онцлог, төрөлжилт юу вэ, өрсөлдөх чадвар юунд тулгуурлах вэ, олон улсын хөдөлмөрийн хуваарьт бид хаана байгаа вэ. Энэ бүгдийн хариулт үндэстэн брэндийн бодлогоос олдмоор.
Нэгэн зүйл: “Хү” хамтлаг дэлхийд уламжлалт хөгжим, металл рок хөгжмийг хослуулсан хүннү рок хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, олон улсад нэр хүнд олж явна. Гэтэл энэ амжилтыг зөөлөн хүчний бодлогоор дэмжих, маркетинг хийх асуудалд бид улсаараа хоцорч байна. Зүй нь энэ хамтлагийн олсон нэр хүнд, гаргасан амжилтын мөрөөр гадаад харилцаа, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарууд хамтарсан брэндийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг боломжийг алдсаар байна. Үндэстэн брэндийн зөвлөлөөс хэрэгжүүлэх арга хэмжээ байгаагүй гэсэн үг. Гэтэл БНСУ-ын туршлагаас үзвэл, тус улс к-поп хөгжим, к-драм буюу олон ангит киноны урлагтай зэрэгцүүлэн аялал жуулчлал, нийтийн хоол, жижиглэн худалдааны салбараа хөгжүүлсэн ойрын түүх байдаг. Бидэнд тэднээс суралцах зүйл их. Манай улс Соёлын яамыг шинээр байгуулсан нь дэвшилттэй алхам болж байна. Одоо Соёлын яам бодлогоо хэрэгжүүлэхэд аялал жуулчлал, гадаад харилцаа зэрэг салбар дундын уялдааг хангасан Үндэстэн брэндийн зөвлөлийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой байх болно. Монгол Улсад, монголчууд бидэнд үндэстэн гэсэн цогц бодлого, өсвөр залуу үед бахархах дүр төрх, итгэл найдвар хэрэгтэй.
Нөгөө зүйл: Монгол Улсыг дэлхийд төлөөлөх түлхүүр үгс хайсан нь сайн хэрэг. Гэтэл Чингис хаан гэсэн нэрийн ач холбогдлыг багаар үнэлж байгаа нь алдаа юм. Хүссэн, хүсээгүй, үгүйсгэсэн ч Чингис хаан бол Монгол Улсын брэнд, монголчууд биднийг дэлхийд төлөөлдөг. Чингис хааны төрсөн өдрийг 2012 оноос тэмдэглэж байгаа нь сайн зүйл. Гэвч манай улсын түүхийн цөөхөн эрдэмтэн тэмдэглэх өдрийг тогтоох гэж маргаж, эцэст нь билгийн улирлын тооллоор өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтжээ. Энэ нь аргын тооллоор ажил амьдралаа төлөвлөн зохицуулж байгаа дэлхий нийтийн жишгээс холдож, Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх ач холбогдлыг саармагжуулахад хүргэж байна. Монголчууд бидэнд, ялангуяа үндэсний бахархлыг төрүүлэх учиртай өсвөр залуу үед их хааны төрсөн өдөр хоногшихгүй, хэзээ болохыг нь мэдэхгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, жил бүр өөр өөр өдөр тэмдэглэх нь буруу хандлага гэж үзэхээр байна. Хүн төрөлхтний хоёр дахь мянганы суут хүнээр тодорсон их эзэн Чингис хааны төрсөн өдрийг аргын тоололд шилжүүлж, дэлхий нийтээр тогтсон нэг өдөр болгох, дэлхийд тархан суусан монгол үндэстнүүдийн хэмжээнд Монгол Улс манлайлж тэмдэглэдэг болъё. Энэ талаар “Нэмэр үг” номд дэлгэрэнгүй бичсэн тул ингээд зогсъё. Чингис хааны төрсөн өдрийг ийнхүү аргын тооллоор тогтоочихвол Чингис хааны эх орон Монгол Улсад зочлох гадаадын жуулчид тасрахгүй дээ.
Бас нэгэн зүйл: НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс, манай зэвсэгт хүчин амжилттай оролцож байгаа нь бахархалтай. Дэлхийг морьт цэргийн хүчээр тохинуулж, ухаалгаар засаглаж явсан түүхтэй монголчууд бид зэвсэгт хүчнээрээ бахархах нь зүйн хэрэг ээ. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрнө. Хувь цэргийн ур чадвар, бэлтгэлээр манай улс дэлхийд тэргүүлнэ. Одоо энхийг сахиулахад оролцож байгаа ухаалаг бодлогыг монгол үндэстэн брэндийн бодлоготой уялдуулах хэрэгцээ шаардлагатай. Батлан хамгаалах яамны дэргэдэх Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийг түшиглэн гадаад зах зээлд бараа, бүтээгдэхүүн экспортлох, “Хааны эрэлд”, “Говийн заан”, “Аравт”, “Сэлэнгэ” зэрэг хамтарсан хээрийн сургуульд тулгуурлан нэгдсэн маркетинг хэрэгжүүлэх бодлого үгүйлэгдэж байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн цэргийн зориулалттай бүтээгдэхүүн найдвартай, чанартай гэсэн брэндийн ойлголтыг олон улсад хөгжүүлж, хэвшүүлэх боломж бидэнд бий. ОХУ-ын цэргийн тойргуудад мах, махан бүтээгдэхүүн, нэхий эдлэл нийлүүлж явсан түүх манай улсад байдаг. Сүбээдэй баатрын удам урианхай гаралтай тува эрхэм ОХУ-ын Батлан хамгаалах яамыг толгойлж байгаа цаг үеийг бид өнгөрөөж болохгүй. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын үндэстэн брэндийн зөвлөлөөс нэгдсэн зохицуулалтаар Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллах шаардлага байна. Хийх зүйл их ээ.
Өөр нэг зүйл: Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн цөмийн зэвсэгтэй, хүн ам олонтой, хүчирхэг гигантуудын хооронд оршдог онцлогтой. Хоёр хэт их гүрний дунд зохицож оршиж ирсэн ухаалаг түүх гагцхүү монголчууд бидэнд хамаатай. Бид газар зүйн байршил, уламжилж ирсэн түүх, соёл, найрсаг гадаад харилцаа, гуравдагч хөршийн бодлогодоо тулгуурлан “Meet in Mongolia” стратегийг үндэстэн брэндийн бодлогын нэгэн чухал чиглэл болгон хэрэгжүүлэх нь зүйтэй. Чанартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлсэн Герман улсын “Made in Ger¬many” бодлого шиг гэсэн үг. Энэ бодлогоос суралцан “Make in India” санаачилгыг Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хэрэгжүүлж байгаа өөр жишээ бас байна. Харин бид “Meet in Mongolia” стратегийг дэвшүүлж байна. Монгол Улсад шашин хоорондын, үндэстэн дундын ужиг тэмцэл, зөрчил, аюул байхгүй. Бас хоёр талаасаа их гүрнүүдээр найдвартай хамгаалагдсан, мөн НҮБ-д цөмийн зэвсэггүй бүсийн статусаа баталгаажуулсан. Эдгээр эерэг имиж төрхөд тулгуурлан Монгол Улс “Meet in Mongolia” стратеги хэрэгжүүлж олон улс, бүс нутагт маргалдаантай талуудад зуучилдаг, өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг, олон улсын хурал, зөвлөгөөн, томоохон арга хэмжээг хүлээн авдаг, энэ төрлийн ажил хэргийн аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлийг барьж авна гэсэн үг. Манай улсад баригдаж нээлтээ хийхээр хүлээж байгаа олон улсын нисэх онгоцны буудал ч бидэнд ийм нөхцөл бүрдүүлж өгч байна. Энэ нисэх буудлын үр ашгийг дээшлүүлэхэд “Meet in Mongolia” санаачилга ач холбогдолтой. Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хот бол харьцангуй либерал зах зээлтэй. Үүнийг Улаанбаатар хотод хөгжиж байгаа олон улсын зочид буудлуудын сүлжээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын чиг хандлагаас харж болно. Улаанбаатар хотод орос, хятад, япон, франц, солонгос, итали, ирланд, энэтхэг, турк, узбек, украин, мексик зэрэг олон үндэстний хоолны газрууд хэрэглэгчдэд үйлчилж байгааг мөн хэлж болно. “Meet in Mongolia” бодлогын хүрээнд төрийн өндөр дээд хэмжээний уулзалт, хурал зөвлөгөөнийг олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулахын зэрэгцээ хуримын өмнөх зураг авалт, хуримын дараах бал сарын аяллуудыг дэмжих чиглэлийг аялал жуулчлалын салбарын бодлоготой уялдуулан хэрэгжүүлж болно. Байгалийн болон соёлын аялал жуулчлал хөгжих өргөн боломж манайд бий.
Бид “Meet in Mongolia” бодлогыг стратегийн хувьд үр дүнтэй, уян хатан хэрэгжүүлснээр Швейцар лугаа хөгжих тухай эцэг өвгөдийн захиас, мөрөөдлийг зарим талаар биелүүлэх боломж олдоно. Хойд Солонгосын удирдагч залуухан Ким, АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нарын уулзалтыг хийх боломжтой хотоор манай Улаанбаатар, Вьетнамын Ханой, Сингапур яригдаж, энэ уулзалт Сингапурт болсон цаг саяхан. Хэрэв тэрхүү уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан бол Монгол Улс, монголчууд бид дэлхий нийтийн анхаарлын төвд орох байсан. Иймд бид энэ мэт боломжийг дахин алдаж болохгүй юм.
Жишээ болгон дээр дурдсан зүйлсийг аль нэг салбарын бодлогоор дангаар биш, харин үндэстэн брэндийн нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар дэмжиж хэрэгжүүлэх боломжтой. Энэ мэтээр үндэстэн брэндийн бодлогоор хийж хэрэгжүүлэх зүйл маш их ээ. Гагцхүү монголчууд бид дотроо нэгдэж, олон улсад, гадаад зах зээлд хамтран ажиллах нь хамгийн чухал.
Бэлтгэсэн: Б.Батбаатар