Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэл тавив.
Тэрбээр “Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш ээ. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм. Ийм энгийн бодит үнэнийг эрхэмлэн “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-өө илтгэлээ Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.
Мөн Манай улс дэлхийг нөмөрсөн цар тахал, түүний сүүдэр болсон худалдаа, тээвэр логистикийн хүндрэл, үнийн өсөлтийн сөрөг нөлөөнөөс салангид тусдаа байгаагүй нь үнэн ч, алдаа дутагдлаас хаацайлах шалтгаан энэ биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнийг үнэнээр нь хүлээн зөвшөөрч, алдаагаа ч оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно.
Прокурорын байгууллагаас авлига албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тайванбэх, Үндсэн хууль зөрчсөн нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, нам дамнасан бүлэглэл байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд удаа дараа турхиран, МАН-ын бодлого үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар гүтгэн харлуулж, намын бодлогыг гуйвуулан завхруулж, намын гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг уландаа гишгэсэн бага хурлын гишүүн асан, "Монголын үнэн" сонины эрхлэгч асан А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлнэ нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралын "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" гэдэгт:
1. Эдийн засгийн чөлөөлөлт
2. Эрх зүйн чөлөөлөлт
3. Ногоон хөгжлийн чөлөөлөлт
4. Авлигын эсрэг чөлөөлөлт гэж дурдлаа.