Нас дээр гарсан аав, ээжийгээ харж хандаж, асарч тойлох үүрэг, хариуцлага үр хүүхдүүдэд нь оногддог. Гэвч хэн нь асран халамжлах вэ гэдэг асуудал гэр бүлийнхэн дунд багагүй маргаан дагуулдаг нь нууц биш. Хэчнээн олон хүүхэдтэй байлаа гээд хүний асаргаанд орсон өндөр настай эцэг, эхийгээ үл хайхарч, эм, тариаг нь ойртуулах нь бүү хэл, аяга цай дөхүүлээд өгдөггүй жишээ цөөнгүй. Хөхөө өвлийн хүйтэнд гал хөсгүй, түлээний амбаартаа хөдөлж чадахгүй хэвтэж байсан нэгэн хөгшний талаар хорооны ажилтан бүсгүй ярьсан нь саяхан. Эцэг, эхээ өргөн тэтгэж, асарч тойглох сэтгэл байвч ажил нь амждаггүй залуус ч бий. Хувь хувьдаа ажил, амьдралтай болсон хүмүүс тэр бүр аав, ээжийнхээ гэрт гүйж очоод байх боломж төдийлөн байдаггүй. Гэлээ гээд хараа нь муудаж, чих нь хатуурч, хөл, гараа хүссэнээрээ хөдөлгөж чадахгүй болсон ахмадуудад асаргаа, сувилгаа яалт ч үгүй шаардлагатай юм. Үр хүүхдээ зовоохгүй, төвөг чирэгдэл удахгүй гэсэндээ ахмадууд өвчнөө нууж, өөрөө болгох гэж зүтгэхийн дээр үе тэнгийнхэнтэйгээ ярьж хөөрч, тоглож наадаад суух асрамж, сувилгааны газрыг илүүд үзэх болсон.
Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд өдөр тутамд нь хэн нэгний тусламж зайлшгүй хэрэгтэй байдаг. Сэтгэцийн эмгэгтэй, хэвтрийн өвчтэй хүмүүсийг хувцаслах, хооллож ундлахаас эхлээд байнга хамт байж, асрах шаардлагатай. Харин энэ бүхнийг зохицуулах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдсэн үү. Асруулагч, асран хамгаалагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах тогтолцоо бий юү гэвэл үгүй юм. Асрах үйлчилгээг зохицуулсан хууль бүү хэл, энэ нь цалинтай хөдөлмөр гэдгийг ч ухаж ойлгосон нь цөөн.
АСРАХУЙ НЬ ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэ оны нэгдүгээр сарын 30-нд олон нийтээр анх удаа хэлэлцүүлсэн юм. Тэрбээр хуулийн төслийнхөө зорилгыг асрах үйлчилгээний төрөл, хэлбэр, ангиллыг тодорхойлох, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авч буй иргэний эрх, үүргийг баталгаажуулахаас гадна хүний нөөц, асаргааны мэргэжилтний сандарт бий болгох, санхүүжилт, үйлчилгээ худалдан авах, төрөөс дэмжих ил тод механизмыг бий болгох хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, асрах үйлчилгээ нь нийгмийн халамж, туслах хэлбэрээс ангид, бие даасан,мэргэжлийн, хүний эрхэд суурилсан үйлчилгээ болгон хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсээд буйг онцолсон юм.
Хуулийн төслийг боловсруулахын тулд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тэргүүтэй хэсэг нөхөд Япон Улсад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлаад ирсэн удаатай. Хүн амын насжилт өндөр, үүнийгээ дагаад асаргаа, сувилгааны тусламж, үйлчилгээ нь хөгжсөн тус улсад айлчилсан манай эрхэм гишүүд сайн сайхныг нь гайхаж байгаад ирснээ хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн юм даг. Тухайлбал, Япон асран хамгаалах үйлчилгээ шаардлагатай иргэдээ долоон түвшинд үнэлж, төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг, тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудынхаа нийгмийн амьдралын оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь сайн туршлага байна гэх мэтээр ам уралдан ярьсан. Арлын орноос тээж ирсэн арвин их туршлага, мэдлэг, мэдээллээ асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төсөлдөө хэр шингээсэн бол.
ЖИРЭМСНИЙ БОЛОН ТӨРСНИЙ ДАРААХ АСАРГАА Ч ХАМААТАЙ
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл нь 12 бүлэг 48 зүйлээс бүрдэж буй. Одоогоор хуулийг төслийг боловсруулж байгаа бөгөөд УИХ-д өргөн барих, хэлэлцэх, батлах гэх мэт үе шатыг амжилттай давсны дараа хүчин төгөлдөр үйлчлэх юм. Эл хууль хэнд хамаатай вэ. Мэдээж өдөр тутмын асаргаа, нөхөн сэргээх асрах үйлчилгээ, асаргааны хувилбарт үйлчилгээ болон хүний эрх, нийгмийн харилцаанд бие дааж оролцоход хүндрэл бэрхшээлтэй, бусдын туслалцаа, дэмжлэг шаардлага бүхий хүнд хамаатай юм. Тодруулбал, манай улсад 60-аас дээш насны 400 орчим мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 110 мянга гаруй иргэн бий гэх статистик байна. Эдгээр иргэнд асрахуйн тусламж үзүүлэхэд хэчнээн хүн аж амьдрал, ажил хөдөлмөр, эдийн засгийн хувьд хараат байдалд орох бол.
Асрахуйн тусламж, үйлчилгээ зөвхөн эмэгтэйчүүдэд бус, бүх хүнд хамаатайг энэхүү төсөлд онцолжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнаар хязгаарлагдахгүй, тодорхой хугацааны нөхөн сэргээх дэмжлэг, жирэмсний болон төрсний дараах үеийн ахуйн асаргаа, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал шаардлагатай болсон эх, нярайд ч энэ хууль хамаатай байх нь.
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ДЭМЖИХ НЬ
Эл хуулийн төсөлд асаргааны олон төрлийн хувилбарт үйлчилгээг багтаажээ. Тухайлбал, төрөлжсөн асрамжийн газар, гэрт нь, асралт гэр бүлд, өдрөөр, цагаар, түр болон урт хугацаагаар байнгын асрах үйлчилгээг төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй нөхцөлөөр үзүүлэхээр заасан байна. Эдгээр үйлчилгээг төрийн бус байгууллагууд үзүүлэх боломжтой бөгөөдүйлажиллагаагнь төрөөсбүхийлнөхцөл, хэлбэрээр дэмжих, хувилбарт үйлчилгээний стандарт шаардлагыг Засгийн газар батлах гэнэ. Мөн төрөөс үзүүлэх хувилбарт асрах үйл чилгээ, хувийн хэвшлээс төрийн худалдан авах үйлчилгээний зардал, үзүүлэх хөнгөлөлт, даатгалын сангаас санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална хэмээн төсөлд тусгайлан оруулжээ.
АСРУУЛАГЧИЙН НЭР ТӨР, ХУВИЙН НУУЦЫГ ХАМГААЛНА
Өвчтэй болон өндөр настай аав, ээж, үр хүүхдээ таньж мэдэхгүй хүнд даатгаж орхино гэдэг амаргүй. Ялангуяа манайх шиг асрах үйлчилгээний талаарх ойлголт дөнгөж төлөвшиж буй улс оронд асруулагчийн эрүүл мэнд, нэр төр, хувийн нууц, халдвар хамгааллын дэглэм, аюулгүй, зохистой хоол хүнс, сэтгэл зүйн дэмжлэг, цаашлаад амь насыг нь хамгаалах, амьдралын чанарыг уртасгахад баримтлах чиг шугам буюу бие даасан хууль зайлшгүй шаардлагатай байгаа юм. Асрах үйлчилгээнд тавих нэгдсэн шаардлага, дүрэм, журам байхгүйгээс ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаа, бие махбодоороо хохирсон тохиолдол цөөнгүй. Өөрийгөө хамгаалж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй, сэтгэцийн эмгэгтэй иргэд тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой эмнэлэгтээ хүчирхийлэлд өртдөг гэх мэдээлэл байсхийгээд л гардаг. СЭМҮТ хоёр хүн зөрөх зайгүй умгар жижигхэн өрөөнд 5-6 өвчтөнөө “чихчихсэн” байдаг л юм билээ.
Асарч тойглож, дэвсгэр гудсыг нь солих хүн байхгүйгээс нуруу, хонгоныхоо арьсыг цоортол хэвтсэн ахмадууд хөлсийг нь төлөөд ч хамаагүй ая тухтай газар асруулахыг хүсдэг нь нууц биш. Харин манай улсад ийн сэтгэл амар, хөл жийн суух асрамж, халамжийн төв бараг л үгүй. Мэргэжилтэн боловсон хүчнээс эхлээд төрийн дэмжлэг хомс учир энэ салбарт зориглоод ажиллах хүн төдийлөн байдаггүй гэдэг.
Хүн амынх нь 10 хувийг ахмад настан эзэлж, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь үүнд хамаарах судалгаа гарчхаад байхад эрсдэлийг урьдчилан тооцож, ирээдүйн хөгшчүүлийн амьдралд бэлдэхээс өөр арга үгүй. Одоогийнх шиг ахмад настнуудын 47 хувь нь бие махбодын, 65 хувь нь сэтгэл зүйн, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэх ХЭҮК-оос гаргасан судалгааг хэлээд суух цаг үлдсэнгүй. Асрамж, үйлчилгээ шаардлагатай иргэд хүртээмжгүй байдлаас болж бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртөж, ганцаардах, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой, ганц бие харж хандах хүнгүй, нийгмээс тусгаарлагдсан, гадуурхагдсан, орон гэргүй, гудамжинд гаргах, гэмт хэргийн хохирогч болох ноцтой байдалд амьдрахад хүрч байгааг хууль боловсруулах шаардлага, үндэслэлд дурдсан байна билээ. Энэ нь зөвхөн ахмадад бус, жам ёсоор өтлөх хүн бүрд хамаатай юм.
ФИНЛАНДАД АХМАДУУДАД ӨӨРИЙН ГЭР ОРОНДОО ТААТАЙ АМЬДРАХ БОЛОМЖ ОЛГОДОГ
Дэлхийн олон улс халамж, асрамжийн үйлчилгээний бодлого хэрэгжүүлдэг бөгөөд асрахуйн эдийн засаг хөгжсөн, халамжийн бодлогоороо тэргүүлдэг орны нэг бол Финланд. Тус улсын Үндсэн хуульд “Амьжиргааны наад захын хэрэгцээгээ хангах боломжгүй иргэн амьжиргааны дэмжлэг болон нийгмийн халамжид хамрагдах эрхтэй. Хүн бүр ажилгүйдэлд өртөх, өвчлөх, хөгжлийн бэрхшээлтэй болох, өндөр наслах, амаржих болон тэжээгчээ алдсан тохиолдолд амьжиргааны наад захын эх үүсвэрээр хангагдах эрхтэй...” хэмээн заасан байдаг аж. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сараас “Disability services act” нэртэй шинэ хууль хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрд тэгш боломжтой амьдрах, нийгэмд оролцох нөхцөлтэй байх эрхийг баталгаажуулж өгчээ. Ахмад настнуудын хувьд тусгай төвлөрсөн “асрах газар” биш, тухайн хүнийг өөрийн гэр орондоо, байрлах орчиндоо боломжийн нөхцөлд амьдруулахыг чухалчилдаг гэнэ. Харин БНСУ-д ахмад настанд нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлээр 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг аж.
Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэж, төрөлт буурч, ахмадын эзлэх хувь жилээс жилд жин дарж буй энэ цагт Асрах үйлчилгээний тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай болжээ. Хуулийг дагаад асаргааны мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хөдөлгөөн, хөдөлмөр, сэргээн засалчийн эрэлт нэмэгдэнэ. Мөн асрах үйлчилгээний төв байгуулах нөхцөл, стандарт шаардлага, асрах үйлчилгээ үзүүлэгч болон асруулагчийн эрх, үүрэг, төрийн оролцоо, дэмжлэг, санхүүжилт гээд олон асуудал цэгцрэх нь. Мэдээж хууль зөрчвөл оногдох хариуцлага гэж бий. Асрах үйлчилгээний тухай хууль зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай болон бусад холбогдох хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх юм билээ.