Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлосон байв. Гэвч хоёр ч өмгөөлөгч хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан, иргэдийн төлөөлөгч болон шүүгдэгч Д.Майцэцэг ирээгүй, шүүгдэгч Ц.Төрболд нь өөр хэрэгт шийтгүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хорих 423 дугаар ангид ял эдэлж байгаа зэрэг шалтгааны улмаас 16 дахь удаагаа хойшлууллаа. Уг хэрэгт холбогдсон 24 хүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр 2024 оын наймдугаар сарын 6-нд шүүхэд шилжүүлж байж. Түүнээс хойш өмгөөлөгч нарын хурал давхацсан шалтгаанаар зургаа, өвчтэй дөрөв, шүүгдэгч нарын зарим нь согтуу байсан гэх үндэслэлээр хоёр гэх зэргээр нийт 15 удаа хойшлуулаад байсан юм. Энэ удаа мөн л шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдөөс шалтгаалж, дөрөвдүгээр сарын 15-ны 10.00 цаг хүртэл дахин хойшлууллаа. Ингэхдээ бусдыг залилан мэхэлсэн хэрэгт нэг жил хорих ял шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа хорих 423 дугаар ангид хоригдож буй Ц.Төрболдыг Цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлэн авахаар болсон юм.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэр тэргүүтэй эмч нар хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байсан. Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргэснийхээ төлбөрт ар гэрээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө нэр бүхий эмч нар нийт 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Нэр дурдсан хоёр хүнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг мөн тооны иргэнийг яллагдагчаар татсан билээ. Өөрөөр хэлбэл, буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан 10 гаруй хүний гэм буруутай, эсэхийг дэнслэх болоод байгаа юм. Тэдний дунд Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн “Баруун түмэн буян” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэмээн буруутгагдсаныг бид өмнө нь уншигчдадаа хүргэж байв.