Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эмч, ажилтнууд өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, удирдлага нь удаа дараа солигдож, тогтохоо больсноос хойш өдөр тутмын эм, тариа, багаж, хэрэгслийн хангамж тасалдаад байгаа талаараа мэдээллээ. Эмчилгээ эрхэлсэн захирал М.Адилсайхан “УНТЭ-ийн амбулаториор өдөрт дунджаар 1200 гаруй хүн үйлчлүүлдэг. Мөн бид 24 цагийн яаралтай тусламжийг 70 гаруй иргэнд үзүүлж, хоногт 60 орчим мэс засал хийж байна. Гэтэл сүүлийн жилүүдэд эмнэлгийн удирдлага ойр ойрхон солигдож буйн улмаас эмчилгээ, үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх боллоо. Холбогдох хуулийн дагуу бол эмнэлгийн даргыг дөрвөн жил тутамд сонгон шалгаруулах ёстой. Гэтэл өдгөө худалч хүнд бараг долоо хоног болоод солигдох нь холгүй байна. Үүний уршгаар эм, эмнэлгийн хэрэгслийн тендерүүд гацаж, шаардлагатай худалдан авалтуудыг ч хийхээ больсон. Өнөөдөр гэхэд л улсын урдаа барьдаг төв эмнэлгийнх нь компьютер томограф ажиллахгүй байна шүү дээ” гэж ярилаа.
УНТЭ-ийн СТ ажиллахгүйгээс тархины цус харвалт, зүрхний шигдээстэй өвчтөнүүдийг оношилж чадахгүй, өчнөөн зардал, чирэгдэл болж байж хувийн, эсвэл улсын бусад эмнэлэг рүү зөөвөрлөж байгаа аж. “Эмнэлгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг ТУЗ шийдвэрлэдэг. Гэвч энэ зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, үнэн зөв шийдвэр гаргаж байгаа нь ч тодорхойгүй. Зарим нь ТУЗ-ийн албан ёсны гишүүн мөн, эсэх нь нь ч эргэлзээтэй” гэж Төлөвлөлт, үйлчилгээ хариуцсан дэд захирал О.Чойдог хэлсэн бол Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ц.Ганбат “Удирдлагын тогтворгүй байдал эмнэлгийн өдөр тутмын хангамж тасрахад хүргэж, зохион байгуулалтад ч муугаар нөлөөлж байна. ТУЗ-өөр төсвөө батлуулсны дараа худалдан авах үйл ажиллагаа явагддаг. Гэтэл энэ бүхэн алдагдаад удлаа. Тиймээс эл асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн юм.
О.Ундрах