15 жилийн турш гэрийн хорионд байсан Мьянмарын ардчилсан үзэлтэн Ан Сү Жин эрх баригчидтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр ард түмэн, эх орныхоо төлөө тохиролцоонд хүрэхийг Цэргийн хунтад уриалсан байна.
Тэрбээр “Ард түмэн юу хүсэж, юунд тэмүүлж байгааг би мэдмээр байна. Бас манай орны хөгжилд юу саад болж, юу тус болох талаарх улс орнуудын үзэл бодлыг сонсмоор байна. Бид дэлхийн чиг хандлага, үзэл баримтлалыг дагах ёстой” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
“Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын тэргүүний эл хүсэлтийг Засгийн газар хэрхэн хүлээн авсан нь одоогоор тодорхойгүй байна.