Одоогоос хоёр жилийн өмнө Бангкокийн цагдаа нар ОХУын иргэн Виктор Бутыг баривчлан саатуулсан нь томоохон дуулиан дэгдээж байлаа. Учир нь Виктор Бутыг интерполоор зэвсгийн наймааны хэргээр эрэн сурвалжилж байсан юм. Тэрбээр энэхүү хууль бус наймааны зах зээл дээрх томоохон тоглогчийн нэг бөгөөд олон зуун сая долларын зэвсгийг худалдаалдаг байлаа. Тиймээс ч түүнийг “Үхэл түгээгч” хэмээн нэрлэдэг. В.Бутыг баривчлах гэж маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд Тайландад ийн саатуулсан юм.
Интерполоос В.Бутыг баривчлах гэж муур хулгана болсон үйл ажиллагаагаар кино бүтээж, ном бичсэн. Тайландын шүүхээс “Үхэл түгээгчид” хоёр жилийн ял оноож, шоронд хорьсон агаад түүний ял энэ сарын 20-нд дуусах байсан юм. ОХУ В.Бутыг гэмгүй жирийн нэг бизнесмен гэж тодорхойлон, иргэнээ суллуулахыг шаардаж бай лаа. Үүнд бас шалтгаан бий. Учир нь В.Бут ЗХУын үеийн генерал хүн агаад хэрэв энэ асуудал даамжирвал ОХУ-ын зарим эрхтэн дархтнуудын үйлдсэн хууль бус наймааны булхай илрэх магадлалтай.
Гэтэл суллагдахаас нь дөрөв хоногийн өмнө буюу энэ сарын 16-нд В.Бутыг АНУ руу нууцаар шилжүүлсэн нь ОХУ, АНУ-ын хооронд зөрчил үүсгээд байна. В.Бутыг эргэхээр эхнэр нь шоронд очсон хойноо нөхрийг нь онгоцоор АНУ руу авч явсныг мэдсэн гэнэ. Тэрбээр Тайландын цагдаа нарыг шүүхэд өгөхөөр болсноо мэдэгджээ. “Гуравдагч оронд болсон явдлыг АНУ-д шүүнэ гэдэг байж болохгүй, энэ бол хууль бус үйл ажиллагаа боллоо” хэмээн Оросын тал америкчуудыг буруутгаж эхлэв. 50 жилийн өмнөх “Хүйтэн дайн”-ыг санагдуулам явдал ийн В.Бутыг тойрон өрнөж байна.
Б.НОМИНТҮШИГ