Курдуудын босогчдын хөдөлгөөнд оролцсон 29 настай Хабибуллу Латифид бурхны эсрэг үзэл сурталчилсан хэмээн Ираны эрх баригчид цаазаар авах оноосон билээ. Их сургуулийн оюутан тэрбээр ийм хэрэг үйлдээгүй гэж мэдэгдсэн юм.
Хүний эрхийг хамгаалах олон улсын “Amnesty International” байгууллага Ираны Засгийн газарт хандан түүнийг цаазлахгүй байхыг уриалав. Саяхан болсон шүүх хурал хаалттай явагдаж, олон улсын төлөөлөгчдийг байлцуулаагүй нь шударга бус явдал хэмээн “Amnesty International”-ийнхэн үзэж байгаа юм.
“Гэмт хэрэг үйлдсэн хүнд шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг. Гэхдээ гэмт хэрэг хийсэн эсэх нь тогтоогдоогүй хүнийг цаазаар авна гэдэг байж болшгүй зүйл. Энэ хэргийг олон улсын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор дахин нягтлах хэрэгтэй” гэж Ойрхи Дорнод, хойд Африкийг хариуцсан тус байгууллагын ажилтан Малкольм Смарт ярьжээ.