БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир улсынхаа ардын армийг захирч эхэлсний 19 жилийн ойд зориулсан нэвтрүүлгийг үндэсний телевиз нь орон даяар үзүүлсэн байна. Японы “Radio-Press” агентлаг уг нэвтрүүлгийг Токиогийн хэд хэдэн телевизэд дамжуулжээ.
Их удирдагчийн ойд зориулсан баярын тусгай дугаараар арваннэгдүгээр сарын 22-нд БНСУ-ын Ёнпён аралд болсон буудалцаанд оролцсон офицер, цэргүүд Ким Чен Ирт баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн аж. “Бидний сум тэнгэрт утаа суунаглуулан байндаа тусаж байхыг харах сайхан байлаа. Буудалцаан дууссаны дараа цэргүүд нэгэн зэрэг уухайлсан” гэж уг дөрвөн цэргийн нэг нь ярьжээ.
АНУ, БНХАУ, ОХУ уг буудалцааныг Вашингтонд хэлэлцэж, хүлээцтэй байхыг хоёр талд зөвлөж байсан. БНСУ БНАСАУ-ыг өдөөн хатгалгад буруутгаж, батлан хамгаалах зорилгоор хариу гал нээсэн хэмээн мэдэгдсэн билээ. БНАСАУ-ын эрх баригчид мөн ийм хариу хэлсэн. Үүргээ амжилттай биелүүлсэн гэж цэргүүд орон даяар зарласны дараа Ким Чен Ир юу гэж хэлэх нь ажиглагчдад тун сонирхолтой байна.
БНСУ-ын арми АНУ болон Японтой хамтарч удаа дараа цэргийн сургуулилалт хийсэн бол, БНАСАУ цөмийн байгууламжийнхаа хүчин чадлыг харуулах зорилгоор америк эрдэмтдийг урьсан. БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Хойд зүгээс аюулын салхи үлээж байна. Улс орныхоо аюулгүй байдлыг хангахын тулд эвтэй, зоригтой байхыг уриалж байна” хэмээжээ.
Х.ОДОНЧИМЭГ