Египетийн Шарм-эшШейх хотын наран шарлагын газарт аварга загаснаас хамгаалах цахилгаан самбар байрлуулах саналыг Италийн мэргэжилтнүүд хотын захиргаанд тавьжээ. Цахилгаан соронзон ялгаруулдаг эл самбар аварга загасыг үргээж, амрагч, жуулчдын аюулгүй байдлыг хангана гэж тэд үзэж байгаа юм. Австрали болон Өмнөд Африкт ийм самбарыг ашигладаг аж.
Шарм-эш-Шейхэд амарч байсан жуулчид руу аварга загас дайрч, хүний аминд хүрсэн билээ. Энэ явдлын дараа Египетийг зорих жуулчдын тоо багассан. Уг нь акул агнахыг хуулиар хориглодог тус улс Улаан тэнгист тусгай ажиллагаа зохион байгуулж, дөрвөн аварга загасыг устгасан нь байгаль хамгаалагчдын шүүмжлэлд өртөөд байгаа.
Экосистемд хоргүй, цахилгаан самбарыг эргийн дагуу байрлуулах нь энэ асуудлыг шийдэх гол гарц гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгдэж, хотын захиргаа үүнийг дэмжиж байна.