Саяхан болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Беларусийн Ерөн - хийлөгч А.Лукашенко долоон жил Ерөнхий сайдын алба хашсан Сергей Сидорскийг ажлаас нь халж, тус улсын Шинжлэх ухааны үндэсний академийн тэргүүн Михаил Мясниковичийг түүний оронд томилжээ.
Мөн дэд сайдыг ч шинээр томилох тухай зарлиг гаргасан аж. Ирэх сарын 1-нээс албан ёсоор ажлаа хүлээж авах шинэ Ерөнхий сайд дөрвөн орлогчтой байх санал дэвшүүлсэн байна. “Ерөнхий сайд юуны өмнө сайд нарын танхим, мужийн захирагч нартай ойр дотно ажиллаж, Засгийн газрын бодлогыг шинэ түвшинд гаргах хэрэгтэй” гэж А.Лукашенко шинэ сайдад зөвлөсөн байна.
Михаил Мясникович 1994 онд ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Вячеслав Кебичийн сурталчилгааны штабт ажиллаж байсан юм. Уг сонгуульд ялалт байгуулсан А.Лукашенко түүнд хамтарч ажиллах санал тавьж байжээ. Тэрбээр 2001 он хүртэл А.Лукашенкогийн удирдлага дор ажиллаж байв.
Эдийн засгийн ухааны доктор Михаил Мясникович Беларусь, ОХУ болон ТУХНОтай нөхөрсөг харилцаатай байх ёстой гэж үздэг нэгэн. ХБНГУ-ын улс төрийн тоймч Хайнц Тиммерманн “Михаил Мясникович Беларусийн Ерөнхийлөгч болчихвол ОХУ болон Европт ашигтай. Тууштай, шударга улстөрч тэрбээр тус улсын байр суурийг олон улсын тавцанд гаргаж чадах хүн” хэмээн 2004 онд онцолж байжээ.