Дуулиантай, шуугиантай нэг жил өнгөрч 2011 оноо угтав. Улс орнуудын Төрийн тэргүүнүүд үг хэлэхдээ эдийн засгийн хямралыг даван туулах, зэвсгийн тоог хорогдуулах, ядуурлыг багасгахын төлөө ажиллана гэдгээ амлацгаав. Шинэ оны босгон дээр дэлхий дахинд юу болсныг товчлон хүргэе.
* Бразилийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Дилма Руссефф энэ сарын 1-нд тангаргаа өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагааг тус улс даяар шууд дамжуулж, Бразилиа хотын төв талбайд 70 мянга гаруй хүн цуглаж шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлжээ. Дилма Руссефф иргэн бүрийн эрх ашгийг хамгаалахын төлөө зүтгэнэ гэж Парламентын өмнө хэлсэн үгэндээ онцолсон байна.
* БНХАУ-ын Зянсу мужаас 120 милийн зайд БНАСАУ-ын “Кан Бон” хөлөг живжээ. Хөлгийн тавцан дээр байсан хүмүүсийн 15 нь сураггүй болж, хоёр нь нас баржээ. Осол гарсан тухай мэдээлэл авсан Хятадын аврагчид гурван далайчныг аварсан байна. Цаг агаарын таагүй байдлаас хөлөг осолдсон хэмээн мэргэжилтнүүд үзэж буй аж.
*Францын нийслэл Парис, бусад томоохон хотод гэмт этгээдүүд 117 машин шатааж, үймээн дэгдээжээ. Энэ хэргийг зохион байгуулсан болон оролцсон байж магадгүй 501 хүнийг цагдаагийн ажилтнууд саатуулаад байгаа тухай АР мэдээлэв. Он солигдох мөчид тус улсад гэмт хэрэг нэлээд гарч, цагдаагийн 54 мянган ажилтан хэв журам сахиулсан байна. Хойд Африкийн орнуудаас цагаачилж ирсэн иргэд амьдардаг дүүргүүдэд машин хулгайлах, шатаах хэрэг олон гарсныг хууль сахиулагчид онцолж байна.
* Дэлхийд хамгийн хуучинд тооцогддог тээврийн хэрэгслүүдийн нэг Лондоны метро нэгдүгээр сарын 1-нээс тасалбарынхаа үнийг 6.8 хувиар нэмлээ. Тус хотын оршин суугчид дөрвөн фунт төлж, метрогоор зорчих болсон бөгөөд оюутан, сурагчид, тэтгэврийнхэн хөнгөлөлт эдлэх гэнэ.
*Египетийн Александр хотын сүмд шинэ жилийн шөнө дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдаж, 43 хүн бэртэж гэмтсэн байна. Цагдаагийн ажилтнуудын мэдэгдэж буйгаар сүмийн гадна байсан машинд тэсрэх бөмбөг байрлуулсан байж магадгүй гэнэ. Христийн шашны энэ сүмд дэлбэрэлт болох үеэр 1000 гаруй хүн байсан бөгөөд болсон явдалд дургүйцсэн хүмүүс ойролцоох лалын шашны сүм рүү дайран үймээн үүсгэжээ.
* АНУ-ын Канзас хотын Санта нар ядууст туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Тэд гудамж талбай, худалдааны төвүүдээр явж тусламж хэрэгтэй гэж үзсэн хүмүүст 100-500 доллар тараасан тухай KMBC телевиз дамжуулав. Энэ хөдөлгөөнд 500 гаруй Санта оролцож, нийт 1800 хүнд ийм “бэлэг” өгсөн байна.
*Австралийн зүүн хойд хэсгийн Квинслэнд мужид үер болсны улмаас 200 мянга гаруй хүн түр хоргодох байранд шинэ оноо угтжээ. Одоогийн байдлаар тус мужийн 20 гаруй тосгон суурин усанд автаад байна. Теодор, Кондамин зэрэг хотын оршин суугчдад нисдэг тэргээр хоол хүнс, эм тариа хүргэж буй аж. Цаг уурчдын мэдээлснээр ирэх өдрүүдэд бороо үргэжлэн орох гэнэ.
*ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод сөрөг хүчнийхэн цуглаан зохион байгуулжээ. Нийслэл Москвагийн Тирумфалийн талбайд болсон эл цуглаанд оролцсон 50 гаруй хүнийг баривчилсны дотор сөрөг хүчний намын тэргүүн Илья Яшин, Борис Немцов нар байсан аж.
*Нигерийн нийслэл Абужа дахь цэргийн хуарангийн ойролцоо дэлбэрэлт болсны улмаас 30 орчим хүн нас баржээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус улсын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар энэ хэргийг лалын хэт даврагчид үйлдсэн байж болзошгүй аж. Мөн өнгөрсөн ням гаригт Жос хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон тухай АР мэдээллээ.
Х.ОДОНЧИМЭГ