Пакистаны Пенжаб мужийн Захирагч, эрх баригч “Ардын нам”-ын гишүүн Салман Тасир бие хамгаалагчийнхаа гарт амь үрэгджээ.
Тэрбээр зөнч Мухамеддыг шүүмжилсний улмаас цаазаар авах ял сонссон христийн шашинт бүсгүйг өмөөрөн олны өмнө үг хэлж байсан юм. Үүгээрээ Салман Тасир лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлсэн нь түүний амийг хөнөөх гол шалтгаан болжээ.
Пакистаны Дотоод хэргийн сайд Рехман Маликийн мэдэгдсэнээр захирагч руу гал нээсэн бие хамгаалагч Хасан Кадриг баривчилсан байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсад улс төрийн, үзэл бодлын зөрчилдөөнөөс болж хүний амь эрсдэх нь эрс ихэссэн.
Одоо байцаагдаж байгаа Хасан Кадри “Тэр өөрийн шашныг үл тоомсорлосон хүмүүсийг өөгшүүлж байгааг би эсэргүүцсэн” гэж мэдүүлжээ. Мужийн захирагч амиа алдсантай холбогдуулан тус улсад гурав хоногийн гашуудал зарласан тухай АР мэдээлэв.