Солонгосын хойгт болсон буудалцаанаас хойш БНСУ-ыг өдөөн хатгалгад буруутгаж, дахиж ингэвэл хариу цохилт хийнэ хэмээн мэдэгдсэн БНАСАУ өмнөдийхөндөө шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас таагүй болж эхэлсэн хоёр улсын харилцаа даамжран буудалцаанд хүрсэн нь эдийн засгийн, геополитикийн хамтрагчдыг нь цочоосон.
Пхеньян Сөүлтэй хэлэлцээр хийх хүсэлтээ албан ёсоор уламжилсан талаар БНСУын хэвлэлүүдэд мэдээлснийг АР мэдээллээ. “Үүсэн нөхцөл байдлыг хохиролгүй, тайван замаар шийдэх ганц гарц бол уулзаж, харилцан тохиролцоонд хүрэх” хэмээн БНАСАУ-ын Засаг захиргаа мэдэгдсэн байна. Мөн хоёр Солонгосын сөргөлдөөнд цэг тавьж, найрсаг уур амьсгалыг бий болгох нь хамгийн чухал гэж уг мэдэгдэлд онцолсон аж.
Түүнчлэн ямар нэгэн болзол шаардлага тавиагүйгээ онцолж, Сөүлийн хүссэн цагт, хүссэн газарт уулзахад бэлэн байна гэжээ. Мөн энэ үеэр Солонгосын хойгийн асуудлыг авч хэлэлцэхээр АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт Сөүлд ирсэн юм.

Тэрбээр БНСУын Засгийн газар, эрх баригч намын төлөөлөгчидтэй уулзан цөмийн зэсвгийг хязгаарлах зургаан талт гэрээг сэргээх талаар хэлэлцсэн тухай “Ёнхап ньюс” агентлаг мэдээлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак БНАСАУ-тай эдийн засгийн салбарт хамтарч ажиллах бодолтой байгаагаа энэ уулзалтын үеэр онцолж байв.
Х.ОДОНЧИМЭГ