Ажилгүйдэл, инфляц, орон сууцны дутагдал зэрэг тулгамдсан асуудлыг шийдэх талаар Засгийн газар арга хэмжээ авахгүй байгааг эсэргүүцсэн хэдэн зуун алжир залуу томоохон хотуудад жагсаал зохион байгуулав. Жагсаалыг тараах гэсэн цагдаагийн ажилтнуудын өмнөөс тэд эсэргүүцэл үзүүлснээр үймээн дэгдэж 18 настай нэг залуу нас барсан байна. Жагсагчид дэлгүүр, хүнсний мухлагуудыг шатаан, захиргааны байр руу чулуу, мод шидэж байжээ.
Уг үймээнээс болж Алжирийн нийслэлд зохиогдох байсан хөлбөмбөгийн хэд хэдэн тэмцээн хойшилсон тухай АР мэдээлэв. Он гарсаар гурил, ургамлын тос, элсэн чихрийн үнэ эрс нэмэгдсэн нь олны дургүйцлийг төрүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт томоохон хотуудад хэсэг хүн жагсаж байсан ч амралтын өдрүүдээр энэ нь даамжирч бүх нийтийн үймээн болон хувирсан байна.
Түүнчлэн хөрш зэргэлдээ Тунист ч мөн шалтгаанаар цуглаан болж байна. Тус улсад үймээний хөлд гурван хүн нас барж, 26 настай залуу өөрийгөө шатаасан хэрэг гарчээ.