Хэвлэл, мэдээллийнхэн Төрийн ордонд хаалттай хаалга “мөргөдөг” болоод хоёр долоо хонож байна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны төгсгөлөөр батлахдаа гол хэлэлцүүлэг өрнөдөг шат болох Байнгын хороодын хурлыг хэвлэлийнхэнд хаалттай болгосон билээ. Мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан “түүхэн” шийдвэрийн дараа түшээдээс бусад нь нэгэн хуулийг эргэн дурсав. Энэ нь Мэдээлэл авах эрхийн тухай гэсэн нэртэй юм.
Зөвхөн сэтгүүлч биш, Монгол Улсын бүх иргэний мэдээлэл олж авах эрхийг хуульчилж, хамаг бүхэнд хаалттай төрийн байгууллагуудын үүдийг нээхээр энэхүү төсөлд зохицуулсан юм. Ямар нэг ажил хөөцөлдөж, мэдээлэл авахын тулд төрийн байгууллагуудын хаалгыг хэдэн өдөр, сараар сахиж, цаг мөнгөө гарздах нь манайд үзэгдэл болчихсон. Барилга барихаар зориглосон нэгэн зөвшөөрөл авахын тулд 114-120 хүний гарын үсэг цуглуулж, ингэхдээ 480 хоног зарцуулдаг гэнэ.
Азаар лицензийн маргааныг цэгцэлж, энэ ажилд 56 хүний гарын үсэг цуглуулж, 182 хоног хэмнэх шийдвэр гаргасан. Гэвч цөөлөөд байхад л нэг барилга барихын тулд иргэн бүтэн жилээ алдах нь. Уг нь төрийн болоод хувийн байгууллага юугаа нууцалж, ямар мэдээллийг иргэдэд заавал ил тод танилцуулж байх ёстойг Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөлд нарийвчлан заасан. Мэдээлэл олж авах эрхийг хууль болгох тухай яриа 2001 оноос эхэлжээ. “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага үүний төлөө идэвхтэй хүчин зүтгэж буй. Энэ хугацаанд хуулийн төслийн нэрийг гурвантаа сольж, хэлэлцэх явцаас нь гурвантаа хойшлуулсан байх юм. Анх Мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөний тухай нэртэй байлаа. Одоо бол энэ тухай бүр мартсан.
Зовлон үзсэн эрх
Анхны төслийг 2003 онд боловсруулаад Засгийн газарт өргөн барьжээ. Гэвч уг хуулийг батлаад хэрэгжүүлэхийн тулд Төрийн, Байгууллагын, Хувь хүний нууцын тухай хуулийн зарим “дөнгө” болсон заалтыг өөрчлөх ёстой байлаа. “Нууцын тухай хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг хамтад нь ярих хэрэгтэй” гээд төслийг буцаав. М.Энхболдын Засгийн газрын үед буюу 2006 онд төслийг буцаахад тухайн үеийн Шадар сайд М.Энхсайханы үүрэг их байсан тухай яриа бий.
2007 оны тавдугаар сарын 3-нд буюу олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр төсөлд “салхи оруулж”, хоёр дахь хувилбарыг гишүүн С.Оюун, Сү.Батболд, Э.Бат-Үүл, Ц.Мөнх-Оргил нар УИХ-д өргөн барив. Энэ удаа аз таарч, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Гэвч чуулганы хурал дээр гишүүд мэдээллийг ямар арга хэлбэрээр, хэрхэн олж авах нь тодорхойгүй гэх мэтээр шүүмжилсэн юм. Бас нууцын тухай хуулиудыг хамтад нь оруулж ирээгүй байлаа. Ингээд анхны хэлэлцүүлгийн шатнаас дахиад л хойшлуулав.
Ийм нэг хууль байгааг 2009 онд гэнэт санаж, Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэхээр оролдов. Нууцын тухай хуультай холбоотой асуудлаар Төрийн байгуулалт, мэдээлэл олж авах эрхийг Хууль зүйн байнгын хороо ярих учиртай гээд хамтарсан Ажлын хэсэг байгуулснаар энэ оролдлого дуусав. Ингээд л зовлон үзсэн төслийг дахин булан руу шидэх нь тэр.
Төсөл хаана явна
Нууцын тухай хуулиудад мэдээлэл авах эрхтэй холбоотой өөрчлөлт оруулаагүй байна. Байнгын хороодын дарга нар нь ч хэдэнтээ солигдов. Дэгийн тухай хуулиар хэвлэлийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарламагц дахин дурссан Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төслийг санаачлагчид “Бидний хууль түүхий байна” гэсхийгээд ухрах шинжтэй болчихож. Мэдээлэл нээлттэй байх ёстой хэмээн ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүн шиг загнаж асан Э.Бат-Үүл гишүүн Дэгийн тухай хуульд Байнгын хороог хаалттай болгох заалт оруулахыг санаачлагчдын нэг болчихоод гүйж явна.
Бүр гол “ерөнхий найруулагч” нь гэх яриа гарлаа. Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн төсөл тоосонд дарагдан хэвтэх зуур санаачлагчдынх нь байр суурь ч ийнхүү хэдэнтээ өөрчлөгджээ. Төсөл санаачлагчдын нэг С.Оюунаас энэ талаар лавлав. Ц.Мөнх-Оргил түүнд “Бидний төсөл хэтэрхий түүхий байна. Тэгээд ч Засгийн газраас илүү сайн хууль өргөн барих гэж буй юм билээ” гэсэн байна. Эрхэм гишүүн ХЗДХЯ-наас энэ талаар лавлаад “Тэд төсөл өргөн барихаар бэлтгэж буй юм байна” гэсэн мэдээлэл өглөө.
Санаачилсан гишүүд нь ч тодорхой мэдээлэлгүй, тэгсгээд мартаж, зарим нь байр сууриа 180 хэм өөрчилсөн байх нь. Ногоон намын дарга, гишүүн Д.Энхбатаас энэ талаар асуухад “Энэ төсөл гурав дахь УИХ-аа дамжиж байна. Засгийн эрхийг барьж байгаа хоёр нам 72гишүүнтэй. Тэд зарчмын хувьд дэмжиж байж л уг хуулийг батална. Тэднийг асуудлаа хурдан оруулаасай гэж сануулах л юм. Гэвч уг хоёр намын хүсэл зориг нийлэхгүй байгаа учраас энэ төслийг гацааж буй гэж ойлгодог” гэлээ.
Засгийн газар Мэдээлэл авах эрхийн тухай хууль өргөн барьж, түүнийг нь хэлэлцэх эсэхийг шийдчихсэн гишүүдийн төсөлтэй нэгтгэх гэсээр дахиад л үлгэр болох нь. Төрийн байгууллагуудын хүнд суртал байсаар, нэг мэдээлэл авах гэж иргэд хаалгыг нь сахиж, хамаг ажлаа алдсаар л байх аж. 12 жилийн турш тушигдсан хуулийн төсөл дахиад хэдэн жил ч тоосонд даруулан хэвтэж мэдэх нь ээ.
С.ТУУЛ