Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барив. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай ярилцлаа.
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн тодотгон баяжуулсан Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2011.01.07) Та УИХ-д өргөн мэдүүллээ. Гадаад бодлогын үзэл баримтлалыг гадаад бодлогын Үндсэн хууль гэж ярих нь бий. Тэр чухал баримт бичгийг тодотгон баяжуулж байгааг бодоход гарцаагүй шаардлага гарсан байж таарна. Тэр тухай ярина уу?
-Үзэл баримтлалаа тодотгохыг шаардсан гадаад, дотоод олон хүчин зүйл бий болоод байна. Тухайлбал, 1994 оноос хойш олон улсын харилцаанд мэдэгдэм өөрчлөлт гарлаа. Даяаршил гүнзгийрч, хөгжлийн төвүүд шинээр тодорч, техник технологи, эдийн засгийн өсөлт хөгжлийн эрчим, уур амьсгал өөрчлөгдлөө. Байгаль орчны доройтол, олон улсын терроризм, хүний наймаа, хар тамхи борлуулах зэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг, гоц халдварт өвчний тархалт гээд шинэ шинэ сорилт тулгарч байна. Зүүн Европын зарим орон Европын холбооны гишүүн болов. Олон улсын гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлтүүд гарч байна.
-Тэгвэл дотоод хүчин зүйлүүд юу байв?
-Манай улсаас гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгдсэн нь анхаарлын гадна байх учиргүй. Уул уурхайн томоохон ордуудыг ашиглах, дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг илүү өндөр хурдтай ажил үйлс тулж ирээд байна. Эдийн засгийн нөлөөний хамаарлыг тэнцвэржүүлэх шаардлага гарч байна. Мөн Монгол Улсын үндэсний эрх ашгийг дээдэлсэн гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах явдал ихээхэн чухал байна.
Үнэнийг хэлэхэд ултай сайн бодож боловсруулаагүй, төрийн бодлоготой нийцээгүй яриа хөөрөө явуулах, гуйлга түйлэг хийх, байнд ч үгүй, банзанд ч үгүй хэлцэл тохироо хийх явдал мэр сэр байгаа нь Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй төдийгүй, хоёр талын харилцаанд нэмэлт бэрхшээл учруулж байгааг анхаарахгүй байхын аргагүй. Энэ мэт хүчин зүйлүүдийг харгалзан тооцож үзээд Гадаад бодлогын үзэл баримтлалын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ баримт бичиг манай гадаад харилцааны нэлээд олон жилийн чиг хандлагыг тодорхойлох учиртай юм.
-Гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэдийн ухамсартай оролцоог чухалчилж байгаа гэж Та нэг удаа хэлж байсныг санаж байна. Энэ талаар төсөлд хэрхэн тусгав?
-Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахад гадаад харилцааны хүчин зүйл их чухал үүрэгтэй. Найрсаг харилцаатай орнуудын иргэдтэй ардын дипломат буюу иргэд хоорондын харилцаа солилцоог хөгжүүлэх нь нэгэн чухал зорилт тул улс хоорондын олон нийтийн дипломат харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Хэвлэлийн үнэн бодитой мэдээлэл нь иргэд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх төдийг үй төр, засгийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш их эерэг нөлөө үзүүлдэг. Харин үндэслэл муутай дэгс мэдээ, мэдээлэл иргэд хоорондын харилцааг муутгах төдийг үй итгэлцэл, найрсаг харилцааг бусниулах хор хөнөөлтэй.
-Гадаад харилцааны яам өнгөрсөн жил сайн ажилласан гэсэн үнэлгээг олон нийтийн зүгээс өгсөн байсан. Тэр дундаа голлох түнш орнуудтай тогтоосон харилцаанд гарсан дэвшилт өөрчлөлтийг дурдсан байв...?
-Өнгөрсөн жил манай улсын гол түнш орнууд болох ОХУ, БНХАУ, Япон, Европын холбооны улсууд, бусад найрсаг харилцаатай орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бататган, түвшинг нь шинэ шатанд гаргасан харилцан айлчлалууд хийсэн. Түнш, хөрш орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, бүс нутгийн худалдааны хэлэлцээрт нэгдэх чиглэлд зарим ахиц гарсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал, Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах чиглэлээр судалгааны хамтарсан баг байгуулан ажиллаж байна.
-Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийн явц ямар байна?
-Өнгөрсөн оны эхний 11 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 5421.8 сая ам.доллар болсон. Энэ нь Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн үеийнхээс 51.0 хувиар өссөн дүн юм. Дүгнэж хэлбэл, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшилж, Монголд бизнес эрхлэх, хөрөнгө оруулах бодит сонирхол эрс нэмэгдсэн жил боллоо. Үүнд бизнес форумууд сайн нөлөөтэйг харуулсан гэж болно.
Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчинг сурталчлах зорилгоор 33 бизнес форум зохион байгууллаа. Монгол Улс Шанхай хотноо болсон “ЭКСПО 2010”-т амжилттай оролцов. Ураны салбарт хамтран ажиллах хэд хэдэн санамж бичиг, гэрээ байгуулагдсан гээд яривал лон юм бий.
-Сүүлийн үед Европ стандарт гэж яриад байх боллоо. Европ стандарт гэж чухам юуг хэлж байна вэ?
-Европын бүхий л салбарт мөрдөгдөж буй хэм хэмжээг Монголд нэвтрүүлэх, нутагшуулахыг хэлж байна хэмээн ойлгож болно. Зүйрлэж хэлэхэд шинээр дугуй зохион бүтээе гэвэл цаг их алдана шүү дээ. Дугуйг дахиж шинээр зохиолг үй, бэлэн дугуйг ашиглаад урагшаа явья гэсэн санаа юм уу даа.
Европын Холбоо энэ ажилд урьдчилсан байдлаар найман сая еврогийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн Европын Холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо байгууллаа. Ингэснээр Монгол Улс, Европын Холбооны хоорондын харилцааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн томоохон зорилтын нэг болох Европын стандартыг Монголд нутагшуулах эрх зүйн орчин бүрдэх юм.
-Гадаад харилцааг эрдэмж үүлэх гэдэг ойлголтыг уншигчдад маань ойлгомжтой болгож өгөөч?
-Монгол Улсын гадаад чиг бодлого, алхам, үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ул суурьтай, шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлан үнэлэлт дүгнэлт хийх, цэгнэх, үйл ажиллагааны зөв хувилбарыг сонгох, нарийн төлөвлөж хэрэгжүүлэх утгаар эрдэмжүүлэх гэж ярьж байгаа юм. Энэ үүднээс ГХЯ-ны дэргэд Сургалт, судалгааны төв байгуулсан. Мөн ШУА болон эрдэм шинжилгээний хэд хэдэн хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
-НҮБ болон олон улсын бусад байгууллагатай манай улсын харилцаа ямар түвшинд байна вэ?
-Манай улс Олон улсын байгууллагуудад өөрийн байр суурийг баттай бэхжүүлж байна. Тухайлбал, Монгол Улс Олон улсын атомын энергийн агентлаг, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хорооны даргаар тус тус сонгогдсон. Олон улсын тавцанд манай улсыг ардчиллын замаар амжилттай хөгжиж байна гэж үздэг. Үүнийг нотолсон хоёр үйл явдал болсон. Манай улс Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт, Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн гишүүн болсон. 150 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо.
Монгол Улс олон улсын энх тайвныг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг боллоо. Олон улсын энхийг сахиулах хэд хэдэн үйл ажиллагаанд манай 800 гаруй хүнтэй баг ажилласан нь үүний гэрч. Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн шавыг Улаанбаатарт хотноо тавьсан. Энэ төвийг олон улсын Засгийн газрын байгууллага болгох хэлэлцээрийг тохиролцон бэлэн болгосон байгаа.
-Гадаадад суугаа дипломатчдын талаар үе үе таагүй мэдээлэл цацагддаг. Түүнчлэн танай салбарынхны “цус ойртсон”, сонгон шалгаруулалт муу хийдэг зэрэг шүүмжлэл байдаг. Энэ талаар та ямар ахиц, өөрчлөлт гаргав?
-Аливаа асуудал зөв сэтгэлтэй, хичээл зүтгэлтэй, чадварлаг хүнээс хамаардаг гэж бид үздэг. Ийм шаардлагын дагуу бэлтгэгдсэн ахмад туршлагатай дипломатчид маань гол ажлыг нугалж байгаа нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийн төслийг Засгийн газраар батлуулсан. Дүрмийн ёсоор дипломат албан тушаал эрхлэх шаардлага өндөрсөж, цаашид дипломат алба удирдлага, зохион байгуулалтын хувьд төдийгүй дипломат ажилтны ажлын хариуцлага ч улам өндөрсөнө гэж үзэж байгаа.
Энэ 2011 он их ойн төдийгүй сахилга, хариуцлагын жил байх болно. Мөн “Гадаад харилцааны яамны хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл”-ийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэхүү үндсэн чиглэл батлагдсанаар дипломат албыг мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр тасралтгүй бэхжүүлэх, тэднийг сонгон шалгаруулах, давтан сургах, албан тушаал дэвшүүлэх, цол олгох, урамшуулах, мэргэжлийн албыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
-Япон Улсын иргэд манайд визгүй зорчиж эхэлсэн. Үүний улмаас Японоос ирэх жуулчдын тоо хоёр дахин ч бил үү нэмэгдсэн байсан. Жуулчид олшрох тусам Монгол Улсын орлого нэмэгдэх нь гарцаагүй. Иймэрхүү яриа хэлцэл хийж байгаа өөр орон байна уу?
-Польш, Герман, Латви, Өмнөд Солонгос зэрэг хэд хэдэн оронтой энэ талаар хэлэлцээ эхлүүлээд байна. Европын холбооны иргэдийг Японтой адил визгүй болгох санал гарсан. Энэ асуудал шийдэгдвэл Европоос орж ирэх жуулчдын тоо нэмэгдэх учиртай. Гэхдээ долоо хэмжиж нэг огтол гэдэгчлэн нэлээд ултай судалж байж шийдвэр гаргах ёстой юм. Иргэдийг гадаадад зорчих явдлыг хөнгөвчлөх үүднээс зарим улстай хэлэлцээр байгуулахаар болж байна. Ер нь нэгэнт визний асуудал ярьсных Монгол хүн АНУ, Канадын өндөр хөгжилтэй орнуудын иргэд шиг аль ч улсын визийг чөлөөтэй авдаг, чөлөөтэй зорчдог болох өдөр тийм ч хол биш гэж боддог. Монгол хүн гадаадад гарч “харлах” гэж зүтгэх бус, эх орондоо ажилладаг, гадаадаас шинэ техник технологи, ноу-хау оруулж ирэх, амарч зугаалахын тулд зорчдог болох цаг ирнэ.
-Гадаад дахь монголчуудын эрх ашиг зөрчигдөх явдал гараад байх юм. Ямар арга хэмжээ авбал үүнийг багасгах бол?
-Гадаадад байгаа манай Дипломат төлөөлөгчдийн газруудад өнгөрсөн жил манай иргэдээс 12 мянга гаруй санал, хүсэлт ирсэн байдаг юм. 96 хувийг нь шийдвэрлэсэн байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай Дипломат төлөөлөгчдийн газрууд боломжийн хэрээр иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байгаа. Гэхдээ хүн хүч, санхүүгийн нөөц бололцоо, чадвар чадавхиас хамаараад ажиллах боломж хязгаарлагдмал л байна. Иргэдийн өөрсдийнх нь буруугаас болж гэмт хэрэг гарах нь багасахгүй байна. “Гадаадад буй иргэдийг дэмжих сан” гэж байдаг. Энэ сан өнгөрсөн онд 42 тохиолдолд 154 сая төгрөг зарцуулсан мэдээ бий. Ихэвчлэн шарил чандарлах, эх нутагт нь авчрах, ар гэрийнхнийг нь аваачих гэх мэтэд зарцуулсан байдаг юм.
-Малайзид зэрлэгээр хөн өөгдсөн Ш.Алтантуяагийн хэрэг юу болж байгаа вэ?
-Хэргийн хохирлыг нөхөн төлүүлэх иргэний нэхэмжлэл гаргасан. Үүний дагуу Малайз Улсын Шүүх 2010 оны гуравдугаар сарын 30-нд шийдвэр гаргасан. Шийдвэрт заасан тэмдэгтийн хураамжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах тухай шийдвэр гаргуулсан байгаа. Бид холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа бөгөөд Малайзад манай төлөөлөгч цөөнгүй удаа очсон.
-“Хурц”-ын гэх хурц асуудал үүслээ. Үүнтэй холбоотой Гадаад харилцааны яамны мэдэгдэл гарч байсан. Энэ асуудал яаж үүссэн юм бэ. Таны байр суурийг тодруулмаар байна?
-Шуудхан хэлэхэд, тухайн үед ямар ажиллагаа ямар зорилготой явуулсан, тэр нь хууль ёсны байсан уу, хууль бус байсан уу гэдэг нь манай яамны хариу өгөх асуудал биш. Бид Лондонд энэ асуудал үүсэхэд тэр даруйд мэдээлэл авч холбогдох хүмүүст мэдэгдсэн, өмгөөлөгч авах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид өнөөдөр Гадаад харилцааны яамны хариуцах чиг үүргийн хүрээнд Монгол Улсын иргэн, төрийн өндөр, дээд албан тушаалтны эрхийг хамгаалах, эх орондоо авчрах асуудлыг хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. 2011 оны нэгдүгээр сарын 5-нд Лондонд болсон шүүх хурлаар Хурцын асуудлыг авч хэлэлцээд шүүх хурлыг хоёрдугаар сарын 3 хүртэл хойшлуулсан байгаа.
-Дипломат албаны 100 жилийн ой энэ онд болно. Энэ хүрээнд юу юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Монгол Улсын шинэ цагийн дипломат алба үүссэний 100 жилийн ойг угтаж хийх ажлын төлөвлөгөө гарсан, уг ажлыг зохион байгуулах комисс байгуулагдсан. Гадаад харилцааны 100 жилийн түүх, Гадаад харилцааны яамны 100 жилийн түүх, Гадаад харилцааны албаны зүтгэлтнүүдийн намтрын эмхтгэл, гэрэл зургийн цомог, баримтат кино, Монголч эрдэмтдийн их хурал зэрэг ажил хийнэ. Монголыг гадаадад сурталчлах Mongolia. mn сайт ашиглалтад орно.
Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны анхны сайд Чин ван Ханддоржийн өргөөг ГХЯнд шилжүүлж өгсөн. Түүнийг Монгол Улсын Гадаад харилцаа, дипломат албаны түүхийн музей болгож, гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах ёслол хүндэтгэлийн цогцолбор болгохоор ажиллаж байна. Мэдээж Гадаад бодлогын үзэл баримтлалыг УИХ-аар батлуулан хэрэгжүүлэх гадаад бодлогодоо хөрш, гурав дахь хөрш болон манайхыг дэмжигч бусад улс гүрэн, олон улсын байгууллагуудтай харилцаагаа цаашид улам хөгжүүлэн бэхжүүлэх зэрэг зорилтууд хэвээр хадгалагдана.
Р.Жаргалант